Ван И: АНУ улс төрийн ил өдөөн хатгалга явуулж байна

2022-08-03 100 0

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагт Тайваньд газардсантай холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И өнөөдөр мэдэгдэл гаргаж, түүний айлчлалыг “Хятад улсын бүрэн эрхт байдалд халдаж буй улс төрийн ил өдөөн хатгалга” гэж зэмлэн буруушаалаа.

Хятадын Тайваньд Пелоси газардсаны дараа Ван И мэдэгдэл хийхдээ “АНУ-ын зарим улстөрч Хятад-АНУ-ын харилцааг бусниулагч, Тайванийн хоолойн энх тайван бөгөөд тогтвортой байдлын No.1 хорлон сүйтгэгч болсныг энэ айлчлал дахин нотлон харуулж байна” гэжээ.

Хятад улсын эв нэгдэл, хөгжил дэвшил, сэргэн мандах үйл явцад саад болохгүй, геополитикийн тоглоомыг овжноор ашиглахгүй байхыг АНУ-д Ван И уриалсан байна.

Мөн тэрбээр “Тайвань бол Хятад улсын салшгүй нэг хэсэг” гэж онцлон тэмдэглээд, зөв болон бурууг ялгаж салгаж, буруу зүйлээр дур зоргоороо тоглохоо зогсоохыг АНУ-д анхааруулжээ.

Ван И-гийн мэдэгдэл бүрэн эхээрээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятад улсын анхааруулга, эрс эсэргүүцлийг илт үл тоомсорлон Тайваньд айлчилж байна. Энэ үйлдэл бол “Нэг-Хятад” зарчмыг ноцтой зөрчиж, Хятад улсын бүрэн эрхт байдалд ноцтой хохирол учруулж буй хэрэг. АНУ-ын энэ улс төрийн ил өдөөн хатгалга нь Хятадын ард түмний уур хилэнг бадрааж, олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарч байна.

АНУ Хятадын ард түмний эв нэгдэлд саад учруулахаа зогсоох хэрэгтэй. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг.

Ард түмнээ бүрэн нэгтгэх Хятад улсын хүчин чармайлтыг хэн ч зогсоож хүчрэхгүй. “Тайванийн тусгаар тогтнол” гэх салан тусгаарлагч хүчнүүд болон гадны хүчнүүдийн хөндлөнгийн оролцоог Хятад улс хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

АНУ “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжин ямар ч арга хэрэглэсэн тэр нь бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй бүдүүлэг үйлдэл бөгөөд хий дэмий зүйлээс өөр юу ч биш байх болно. Тайваньтай холбоотой асуудал нь Хятад улс сул дорой, амаргүй нөхцөл байдалтай байх үед эхэлж байсан бөгөөд энэ асуудал нь Хятадын үндэсний сэргэн мандалтаар дуусах болно.

АНУ Хятадын хөгжил дэвшил, сэргэн мандалтад саад болохоо зогсоох хэрэгтэй. Хятад улс үндэсний нөхцөл байдалдаа тохирсон хөгжлийн зөв замаар замнаж байна. Хятадын Коммунист Намын удирдлага дор Хятадын 1.4 тэрбум хүн ам Хятадын онцлогтой орчин цагийн шинэчлэл рүү тэмүүлж байна.

Хятад улс үндэсний хөгжлөө ахиулж, бүх нийтээрээ хөгжин дэвшихийн тулд бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн оршиход бэлэн байна. Харин Хятад улсын тогтвортой байдал болон хөгжилд ямар ч улс саад учруулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

АНУ Тайваньтай холбоотой асуудлаар Хятад улсыг өдөөн хатгаж, Хятадын хөгжил дэвшлийг хойш татаж, Хятад улсын энх тайвнаар сэргэн мандаж, эв нэгдлээ бэхжүүлж буй үйл явцад саад учруулахыг оролдож байна. Эдгээр нь ямар ч үр ашиггүй үйлдэл бөгөөд эцэст нь АНУ-ыг өөрийг нь гэмтээх болно.

АНУ геополитикийн тоглоомыг овжноор ашиглахаа зогсоох ёстой. Энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, хөгжил дэвшлийн замаар явж, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтлах нь бүс нутгийн улс орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл юм. АНУ Тайванийн асуудлыг бүс нутгийн стратегидаа тусгаж байгаа нь хурцадмал байдлыг нэмэгдүүлж, сөргөлдөөнийг өдөөж байна. Энэ нь бүс нутгийн хөгжлийн урсгалд сөргөөр нөлөөлж, Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудын ард иргэдийн хүлээлт, хүсэл тэмүүлэлд харшилж байна.

Энэ бол маш аюултай бөгөөд бодлогогүй үйлдэл. “Нэг-Хятад” зарчим бол олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмын нэг бүрэлдэхүүн хэсэг болсон. НҮБ-ын дүрэм журам, зарчмуудыг зөрчихөө нэн даруй зогсоож, Ази Номхон далайн бүс нутгийг тогтворгүй болгох “Тайванийн хөзөр”-өөр тоглохоо болих нь АНУ-ын хийх ёстой зүйл.

АНУ зөв болон бурууг дур зоргоороо хутгахаа болих ёстой. Хятад улс нөхцөл байдлыг хурцатгаж байна гэж АНУ мэдэгдэж байна. Гэвч АНУ Тайванийн асуудлаар Хятад улсыг өдөөн хатгаж, Хятад улсын бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд илт халдаж байгаа нь хэн нөхцөл байдлыг хүндрүүлж буйг илтгэх хамгийн гол баримт юм.

Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчлах эсэхээ өөрөө шийдэх давуу эрхтэй гэж АНУ мэдэгдэж байна. Гэвч өнгөрсний алдаанууд нь өнөөдөр тэдгээрийг дахин давтах шалтгаан болж болохгүй нь хамгийн наад захын үнэн юм.

Ялангуяа улс төрийн томоохон зүтгэлтнүүд увайгүй үйлдэл хийж болохгүй. Хятад улсын ард түмнээ бүрэн нэгтгэх, эв нэгдлийг бэхжүүлэх бодлого нь Тайваньд “заналхийлж байна” гэж АНУ мэдэгдэж байна. Гэвч Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг гэдэг нь хамгийн энгийн логик юм. Тайванийн асуудал бол бүхэлдээ Хятадын дотоод асуудал. Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, салан тусгаарлахыг эсэргүүцэж байгаа нь хууль ёсны бөгөөд бүрэн үндэслэл бүхий асуудал юм.

Тайванийн хоолойн энх тайван бөгөөд тогтвортой байдлыг хамгаалах гол түлхүүр нь “Нэг-Хятад” зарчим гэдгийг Хятад улс онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Хятад болон АНУ энх тайвнаар зэрэгцэн орших жинхэнэ “хашаа” нь Хятад болон АНУ-ын гаргасан гурван хамтарсан мэдэгдлийг дагаж мөрдөх явдал юм. /1972, 1979 болон 1982 онд БНХАУ болон АНУ-ын гаргасан хамтарсан мэдэгдлүүд нь хоёр талын харилцааг зохицуулах үндэс болсоор суурь болсоор иржээ./

Хятад улсыг дарж авахын тулд Тайванийг ашиглах оролдлого бүтэлгүйтэх нь дамжиггүй. Үндэсний ашиг сонирхолд асуудал тулгарсан үед Хятадын ард түмэн тэрс үзэлд итгэхгүй, айж эмээхгүй байх хангалттай зүрх зоригтой. Бид айж эмээж, няцахгүй байх сэтгэл зүтгэлтэй. Бид илүү эв нэгдэлтэй байж, нэг хүн шиг ажиллаж, үндэсний бүрэн эрхт байдал болон бахархлаа тууштай өмгөөлж хамгаалах чадалтай.

Г.Солонго

Эх сурвалж: CGTN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ван И: АНУ улс төрийн ил өдөөн хатгалга явуулж байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагт Тайваньд газардсантай холбогдуулан

2022-08-03

Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг давна

Дэлхийн хүн ам энэ оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ

2022-07-18

Японы “NHK” телевиз: Шинзо Абэ нас барсан байж болзошгүй

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг амиа алдсан байж болзошгүй талаар “NHK” агентлаг мэдээллээ. Ул

2022-07-08