Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.27) Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгөв.
Өнөөдрийн байдлаар валютын ханш 3150 төгрөгт хүрсэн төдийгүй Монгол Улсын валютын нөөц нийт 2,8 тэрбум ам.доллар болсонд шатахууны үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын төсвийн 2022 оны эхний таван сарын гүйцэтгэлээс үзэхэд нийт зардлын 58 хувийг урсгал зардал, үүний дийлэнх хэсгийг нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн зардал эзэлж байгааг УИХ-ын дарга тодотгоод цаашид нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлж, төсөвт ирэх дарамтыг бууруулах, үнийн өсөлтөөс шалтгаалсан ядуу, эмзэг бүлгийн амьжиргааг хамгаалах нь чухал байгааг онцлов.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг үүсэж байгаа энэ цаг үед Монголбанк Засгийн газартай хамтран бодлогын арга хэмжээг цаг алдалгүй тууштай авч, ажлаа эрчимжүүлэх үүрэг өгчээ.
Post Views: 449
0 cэтгэгдэлтэй