Э.Бат-Үүл: Битгий шаа, Сумъяабазар дарга аа!

2021-08-16 277 0
Улстөрийн зорилго нь хаашаа чиглээд байгааг би одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Алдсан хүн арван тамтай гэдгийн үлгэрээр таах л төдий.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын багийн нэгэн өндөр албан тушаалтан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг Амгалангийн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэхээр хариуцсан Грандлайн компанитай гэрээгээ цуцлах болсон тухайгаа мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийв.
Хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдтэй, хууль журмаа үндэслэн гэрээгээ цуцлах нь зүй ёсны ажиллагаа. Хийх ч ёстой ажил. Би ч Нийслэлийн засаг дарга байсан бол хууль журмаа хэрэгжүүлэх учиртай хуулиар ноогдуулсан үүргээ биелүүлэх л байсан. Төрийн ажил ингэж л явдаг.
Гэтэл Сумъяабазар даргыг төлөөлөн мэдэгдэл хийж буй албан тушаалтан Грандлайнтай гэрээгээ цуцлах тухай мэдэгдэхээс илүүтэй, харин Бат-Үүл миний биеийг үг сүггүй гүжирдэх улстөрийн зорилготой хэвлэлийн бага хурал хийжээ!
Тэрбээр, Амгалангийн иргэдийг миний бие өөрөө лоббидож байгаад, тэднээр хүүгийнхээ компанийг дэмжүүлсэн байж болзошгүй гэх маягтай “шаав”. Аль тэртээ 2016 онд засаг даргын ажлаа өгчихсөн намайг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийгээгүй мэтээр буруутган “шаав”. Грандлайн компанийг долоон жил харж үзсэн гэх шахуу хээв нэг “шаав”. Арван нэгэн тэрбум төгрөгийг хүүтэйгээ нийлээд үгүй хийсэн мэтээр “шаав”.
Улстөрийн зорилго нь хаашаа чиглээд байгааг би одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Алдсан хүн арван тамтай гэдгийн үлгэрээр таах л төдий.
Намайг шүүх хуралтай яг зэрэгцүүлснийг нь бодоход шүүхэд нөлөөлөх гэсэн юм болов уу? Эсхүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж чадаагүй олон жилийн хэргээ над руу чихэх гэсэн болов уу? Бүр, нийслэлийн эдийн засгийн хямрал хүчээ авч байгааг ойлгоод олон түмний анхаарлыг өөр зүг рүү сарниулах политик юм болов уу? Эс бөгөөс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн чөлөөлөгдсөн талбайнуудыг хурааж аваад өөрсдийн бизнесийг хийх гэсэндээ намайг золиослон гутаах замаар хэрэгжүүлэх атгаг санаатай юм болов уу? Үгүй бол 2024 оны сонгуулийг угтсан ажил юм болов уу?
Ямар ч зорилготой бай, намайг үг сүггүй гүтгэн шаалаа. Шаагаад зогсоогүй, олон сайтуудын хүчээр интернэтийг эзлэн, сайтар зохион байгуулалттайгаар өргөн цар хүрээнд тараан сэвж байна!
Интернэтээр дүүрэн “Хүний Мууд Сүрэглэн Дурлах” эмгэгтэй бүлгийнхэн “Бат-Үүлийг устгаад өгөөч!” хэмээн орь дуу тавьж, галзуурчихсан хийрхэж байна. Энэ бүлгийн солиотой нэг нь надтай тааралдвал “үсдэх” биш, алж ч мэдэх байна!
Намайг 32 жил гүтгэн шаажээ!
Миний бие 1988 оны 11 сард “Шинэ үе” нууц бүлгэмийн нөхдийнхөө хамт, эх орноо ардчиллах замаар Зөвлөлтийн “колончлол”-оос чөлөөлөхийг шаардсан ухуулах хуудас хотын гудамжаар наасан юм. Ингэж тэмцсэний минь төлөө намайг Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаман дээр баривчлан аваачиж,“нийгмийнхээ эсрэг алах ялтай хэрэг хийсэн” гэж гүтгэн сүрдүүлж байв. Намайг сүрдүүлээд зогсохгүй; ажилгүй, засаршгүй танхай, архичин этгээд хэмээн гутаасан суртал ухуулгыг орон даяар тараасан байдаг.
Түүнээс хойш; хүн зоддог зодоочин, айл ухдаг хулгайч, гадаадад хөрөнгө зувчуулсан луйварчин, С.Зоригийгоо алсан алуурчин (бас Цогтсайханыгаа ч алсан гэдэг), идээчин угаачин гэх зэргээр гүтгэн шаасаар өнөөдрийг хүрчээ. Ад зэтгэрт ч ахдахаар нүгэл надад тохоожээ. Гүтгэлэг бол миний болон гэр бүлийн маань тэвчиж амьдрах ёстой байнгын муу ёрын дагуул болсон юм.
Хамгийн сүүлийн, хамгийн далайцтай, хамгийн хортой гүтгэлэг бол намайг хотын дарга байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлтөөс мөнгө шаасан гэх явдал!
Уг гүтгэлгийг 2016 оны УИХ-ын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн өмнөхөн ажиллагаанд оруулсан. Ажиллагаа нь тухайн үеийн МАН-ын дарга нь нийслэлийн намын даргынхаа санаачлагаар зохион байгуулсан “60 тэрбумын” гэж хожим нь алдаршсан кампанит ажил шүү дээ!
МАН-ын хоёр дарга; 60 тэрбум төгрөг цуглуулах, мөн “Бат-Үүлийг хүүгийнх нь ажилтай холбогдуулан гутаан гүтгэж нэрээ таттал нь дайрах” төлөвлөгөөг хэлэлцэж буй бичлэгийг монголчууд бүгд чихээрээ сонссон. Энэ төлөвлөгөө Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улам өргөжин, С.Зоригийн хэрэгтэй дахин намайг холбогдуулсан явдалтай зуузай холбож авсан юм.
МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгчийн сонгуульд намайг оруулахгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Надад АТГ, прокурорын зүгээс хуулийг зөрчин байж хэрэг үүсгэсэн. Тэдэнд хууль мууль ямар ч падгүй байгааг би мөрдөн байцаалтын явцад зөндөө харсан. Хууль зөрчиж байгаа мөрдөн байцаалт бүрийн ард нэг бол улстөр, нэг бол хувийн өшөө авалт л нуугдаж байдаг юм!
АТГ ба прокурорууд, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт буруутай мэтээр үзэх нь хатуу хориотой гэдгийг мэдэхийн цаагуур мэдэх атлаа чухам өөрсдөө, намайг гэмт хэрэгтэн мэтээр сурталчлан олон түмний тархийг угаасан.
Би ч яахав. 30 жил сайн нэр дуулаагүй тэмцэж явсан хүн тул ямар ч дайралтыг үл тоохтойгоо. Гэтэл намайг гэмтэн мэт буруутгахын тулд миний дор ажиллаж байсан гэм зэмгүй олон хүнийг хэрэг үүсгэн гэмтэн болгосон. Энэ жудаггүй тооцоо байгаа онож, надад яггүй дарамт болсон. Гэм зэмгүй хүмүүсийг хилсдүүлүүлчихгүй байх амаргүй үүрэг надад оногдсон билээ!
Өнөөдөр надтай хамт шүүгдэгчийн ширээний ард сууж байгаа хүмүүс гэм зэмгүй хүмүүс. Тэд, намайг Нийслэлийн засаг дарга байхад миний удирдлагад л ажиллаж байсан хүмүүс. Ингэж надтай холбогдоогүйсэн бол тэд өнөөдөр жирийн иргэд шиг эрх чөлөөгөө эдлээд, айх аюулгүй явж байх байсан бололтой.
Грандлайн, Бэрэн компанийн хоорондын арилжаа наймаа бол манай бизнес эрхлэгч компаниудын хооронд байнга явагддаг ердийн, жирийн л үйл ажиллагаа. Гэтэл, Чулуудайгийн “аз дутахад” 32 жил дайснууддаа шаалгаж яваа миний хүү аж!
Тийм ээ, миний бие 32 жил дайснууддаа шаалгаж байна! Би хэнд ч, ямар ч гай тариагүй. Би, хүмүүсийг эрх чөлөөтэй амьдраасай л гэсэн юм. Би, Монгол улсаа бусдын колони битгий байгаасай л гэсэн юм.
Өнөөдөр, эрх чөлөөндөө эрхлэн дур зоргоороо амьдарч байгаа монголчуудын дунд, надад коммунистуудаас өөр дайснууд байх учиргүйсэн!
Би 32 жил тэмцэхдээ өрсөлдөгчдөө хэзээ ч хувийнх нь байдлаар гүтгэн нэр төрийг нь гутааж байгаагүй. Би политикийг нь, үнэт зүйлийг нь л шүүмжилдэг, бас дайрдаг байсан билээ.
Би, улс орныхоо эгзэгтэй мөчид хэзээ ч хувийн улстөрийн ашиг хонжоо олох балайрал руу хальтарч байгаагүй. Надтай муудалцаж явсан МАН-ын лидерүүд бүгд лмэднэ.
Миний бие, надад болон намд маань ашигтай улстөрөөс ч татгалзан, зарчим дээрээ зогсож “тэнэгтдэг” байсныг УИХ-ын гишүүд мэднэ. Миний бие, улс орноо дөрвөн ч удаагийн цус урсгаж мэдэх эгзэгтэй мөргөлдөөнөөс авч гарахад шийдвэрлэх үүрэгтэй оролцож байсан хүмүүсийн нэг билээ.
МАН-ынхан намайг 32 жил, таван үеэ дамжуулан шаалаа! Ингэхдээ, социализмын хэлмэгдүүлэлтийн үеэс л коммунистууд олон түмний араншинд суулгасан, мөнөөх “Хүний Мууд Сүрэглэн Дурлах” социалист эмгэгийг над руу чиглүүлэн хөөргөн дайрчээ.
Коммунистууд хөөрсөн олон түмнийг улстөрд ашиглах ер бусын чадвартай нь гайхагддаг мэрэгжитнүүд байсан юм. Хөөрсөн олон түмний дэмжлэгтэйгээр Их хэлмэгдүүлэлтийг явуулж чадсан. Олондоо “эх оронч” хэмээн танигдсан А.Амарыг “ардын дайсан” болгож л байв.
Өнөөдөр, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар намынхаа жудаггүй бузар чадварыг нь өвлөн авч байх шиг байна. Миний эсрэг хөөрсөн олон түмнийг турхиран өөрийн хэргийг бүтээхээр шийдсэн шиг байна. Ийм бол, хөөрсөн олон түмнээс өвчтэй нэг нь сугарч ирээд гэмгүй хүн егүүтгэж мэднэ гэдгийг санах хэрэгтэй!
Уул шугамандаа, Сумъяабазар бол нэг талаас намын зүтгэлтэн боловч, нөгөө талаас төрийн ажил хийж байгаа хүн. Төрийн ажлыг “Хүний Мууд Сүрэглэн Дурлах” хөөрсөн олон түмнийг турхиран хийдэггүй юм!
Хөөрсөн олон түмэн хүчирхийллийн онгодтой араатан шиг оршихуй юм. Үүнийг нь коммунист, фашист, нацист төрүүд ашиглан ард түмнээ хүчирхийлсэн түүхтэй. Тийм учраас л хөөрсөн олон түмнийг төр өөрийн ажилд ашиглахыг ардчилсан нийгэмд хатуу хориглодог ажгуу.
Одоогоор Монголд ардчилсан төр байгаа. Сумъяабазар дарга ардчилсан төрийн ажил эрхэлж буй хүн. Тийм болохоор, коммунистууд шиг хөөрсөн олон түмнийг турхиран намайг шааж “ардын дайсан” болгож байхаар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа шуурхайлан хийх хэрэгтэй. 16 оноос хойш зогсоогоод хэцүүдсэн!
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг явуулах эрх мэдэл хуулиараа Сумъяабазарт л бий.
Өнөөдөр би биш, Сумъяабазар Нийслэлийн засаг дарга чухам мөн билээ!
Ажлаа хий!
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Цэрэнпунцаг: Богд Зонхова төсөл үргэлжлэх ёстой

Богд Зонхова төслийг тойрсон дуулиан ид өрнөж байна. Уг бүтээн байгуулалтад улсын төсвөөс 32 тэрбум

2021-11-25

Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох уу?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон тухай улс төрийн хү

2021-11-17

Д.Сумъяабазар: Хөдөөнөөс ирсэн иргэдийг хотжих соёлд сургаж,соён гэгээрүүлэнэ

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д

2021-11-17