Г.Ёндон: “China oil” компанитай хэлэлцээр хийснээр эхний ээлжийн АИ-98, АИ-95 бензин хил дээр ирсэн

2021-08-02 110 0

ОХУ-д шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор тус улс тодорхой хугацаанд Монгол Улсад АИ-98, АИ-95 бензин нийлүүлэлтээ хязгаарлаж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс шатахууны нөөцийг хэвийн хэмжээнд барихаар БНХАУ-тай хэлэлцээр хийж байгаа талаар АМГТГ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллах үеэр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариулав.

Шатахууны импортоос бүрэн хамааралтай манай улсын хувьд Газрын тосны үйлдвэртэй болох асуудал хамгийн чухал. Төслийн явц ямар байна вэ?

Засгийн газар 2017 онд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Экспорт-Импортын банкны нэг тэрбум долларын хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж, төлөвлөсний дагуу ажил хэрэгжиж байна.

Манай улс жил бүр нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог мөртлөө, шатахууны хэрэглээнд жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллараар эргүүлээд худалдан авдаг. Нэг ёсондоо, түүхий эдээ урагш зарчихаад, эргээд өндөр өртгөөр худалдан авч суудаг байдалтай олон жил болж байна. Тэгэхээр бидний хувьд зөвхөн нэг жилд л зардаг 2 сая тонн шатахууны өртгөөр /1.2 тэрбум ам.доллар/ боловсруулах үйлдвэрээ барих боломж бүрдээд байгаа юм. Тиймээс бид Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах нь хамгийн чухал бөгөөд томоохон зорилт болсон.

Үйлдвэрийн “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна. 2-4 дэх багц ажлууд бол анхдагч процессийн байгууламжууд, цахилгаан станц, гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын бүтээн байгуулалт юм. Бид 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, энэ дагуу бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна.

Манай улсын газрын тосны батлагдсан нөөц ямар байгаа вэ? 

Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая.тн орчмыг ашигласан бөгөөд үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж тооцоолж болно. Мөн  энэ оны 7 сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болоод байна. Түүнчлэн хайгуулын дүнд Хөхнуур XVIII  болон Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүний үнэ хямд байх боломжтой юу?

Түүхий тосоо өөрсдөө боловсруулснаар хамгийн гол нь гадаад зах зээлээс үл хамаарах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Мэдээж үнийн хувьд хямд байх нь тодорхой. Жижиглэнгийн үнэ бүрдэлтийн 70-80 хувь нь хил үнэ байдаг тул үүнийг үл хамаарах, хараат бус байдал гээд байгаа юм. Мөн үнэ бүрдэлтэнд давхар нөлөөлдөг 20-30% болох татвар, үйл ажиллагааны зардал, ашгийн түвшин зэрэг өртөг дээр төрөөс бодлогын зохицуулалт хийх боломжтой болно.

Шатахууны үнэ өсчихлөө. АИ-95, АИ-98 бензиний хомсдол нүүрлэх нь гэсэн асуудлууд хөндөгдөж байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

Энэ онд Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн ачаалахгүйн тулд эдийн засаг сэргэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжих, вакцинжуулалтыг хүн амын 60 хувьд хүргэх зэрэг эерэг нөхцөл байдал үүстэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, хэлэлцээр хийж ажилласан.  Төр, Засгаас ямар нэгэн хөнгөлөлт, санхүүжилт үзүүлээгүй. Төрийн өмчийн ААН-үүд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэд рүү чиглэсэн сайжруулсан түлш, цахилгаан, дулаан, уур, ус, хогны үнийг тэглэх арга хэмжээ авсан. Шатахуун импортлогч компаниуд уг акцид нэгдэж бидний саналыг хүлээн авч, санаачлагатай ажилласан гэдгийг хэлэхийг хүсч байна. АИ-92 автобензиний онцгой албан татварыг 2018 оноос одоог хүртэл тэглэсэн хэвээр байгаа. Гэвч, та бүхэн мэдэж байгаа, 2020 оны 4 сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. Улс орнууд Сингапурын биржийн арилжаатай уялдуулж, харьцуулсан байдлаар газрын тосны үнээ зарладаг. Роснефть компаниас авч буй шатахууны үнэ ч Сингапурын үнэтэй дүйдэг. Ер нь бол, цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна.

Эх сурвалж: Засгийн газар

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шатахууны хомсдол үүсгэсэн Г.Ёндон сайд ОГЦОР!

Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол А-92 бензин.  2020 оны тавдугаар сараас хойш санхүүгийн

2021-09-20

Ихэнх ШТС-уудад АИ-92, 95 шатахуун дуусчээ

Өнгөрсөн долоо хоногт АМГТГ-аас "АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж мэдээ

2021-09-20

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг АТГ-аас шалгаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлог

2021-09-15