Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө захих хэдэн санаа

2021-06-10 341 0
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос үл хамааран заавал дуулгая гэж зэхсэн хэдэн санаа байснаа хэлье.
1. Монгол төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас гэж заавал байх ёстой. Уламжлал нь тийм юм. Тангараг өргөхдөө төрт ёсны утга бэлгэдлүүдийг зөв шингээсэн бүтэн, тэгэхдээ төв сайхан хувцас өмсөөрэй. Дараа нь түүхийн баримт болж музейд тавигддаг, судалгааны эргэлтэд ордог юм шүү. П.Очирбат Ерөнхийлөгчид додигтой дээл өмсгөсөн нь уламжлал талаасаа зөв ч харагдах байдал нь тиймхэн байсан.  Н.Багабанди Ерөнхийлөгчид их муу торгоор хийсэн, ур муутайхан шар дээл өмсгөсөн. Товч бол бүр ичмээр дамшиг.  Шар өнгө уламжлалаараа бол төрийн тэргүүний дээлийн өнгө биш л дээ. Шашин төрийг хослон баригч учраас Богд Жавзундамба хааны ёслол хүндэтгэлийн хувцас нь шар өнгөтэй байсан нь өөр асуудал.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн дээлийг арай хэтрүүлсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дээлэнд додигийг нь хээ маягаар шингээж, энгэр дээр нь эртний их бэлгэдэл Гал, Нар, Сарыг хатгамалласан нь оновчтой шийдэл байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч эрээн өнгийн ард дээл, хар бүрх өмсөн тангараг өргөсөн.
Малгай, дээлийн өнгөний бэлгэдэл тусдаа том асуудал. Малгай, бүс гээд бүгд утга бэлгэдэлтэй. Төрийн тэргүүний ёслолын хувцас гэдэг зүгээр нэг хувцас биш, Төрийн сүлд, Тамга зэрэг Төр оршин буйг харуулдаг утга бэлгэдэлтэй нэг ай савд хамаарах ойлголт учраас “Ард түмний Ерөнхийлөгч өө, би” хэмээн ард дээлтэй тангараг өргөмгүй байна.
2. Монгол Улсын өнөөдөр, ойр холын ирээдүйг тодорхойлох “төв мэдрэлийн систем” болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд мэргэшсэн, асуудлыг бүс нутаг төдийгүй дэлхийн түвшинд харж, судалгаа, дүн шинжилгээ хийж, зөвлөж сэрэмжлүүлж чаддаг жинхэнэ эх орончид байх ёстойг анхаараарай. Улс орны нэн эрсдэлтэй байгаа гадаад, дотоод аюулгүй байдлыг эн тэнцүү анхаараарай.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч болсон өдрөөс эхлэн хувь хүн байхаа больж, Монголын ард түмнийг төлөөлж буй цор ганц субъект болдог. Үндсэн хуульд заасанчлан Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд хагалан бутаргадаг биш, эвлэн нэгдүүлдэг Ерөнхийлөгч байгаарай.
4. Үндэстэн оршихуйн нэг том тулгуур нь эх хэл, үндэсний уламжлал, ёс заншил, өв соёлдоо байдгийг өдөр бүр санаж, чин сэтгэлээсээ хамгаалаарай. Монголчууд үндэсний дархлаагүй болох аюул бодитой оршиж байгаа шүү.
5.  “Биеийн хүчээр нэгийг дийлдэг, ухааны хүчээр мянгыг ялдаг” хэмээх билиг их сургаалыг дээдэлж, эрдэмтэн мэргэдээ дэмжиж, тэдний мэдлэг, оюуныг ашиглаарай. Тархины баялаг ундардаг, газрын баялаг шавхардаг.
Өөрийн дураар амьдрагч өчүүхэн бичээч надад төрийн хэрэг хамаагүй боловч олон монголчуудынхаа нэгэн эд эс болохынхоо хувьд ийм хэдэн санааг үг болгон дайсныг хүргэж чадах нэг нь хүргээрэй. Хэрэгтэй хэмээвээс цээжиндээ авдарлаж, хэрэггүй хэмээвээс уншаагүй гэж бодно буй заа.
Сэтгүүлч, судлаач Урианхан Б.Галаарид
2021.06.10.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хөрөнгийн зах зээлд амжилттай ажиллаж байгаа томоохон төлөөлөл нь “Тавантолгой” ХК гэдгийг онцоллоо

Уул уурхайн салбарын MINING WEEK 2022 чуулган ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ чиглэлээр хоёр дахь өдрөө үргэлжилж б

2022-09-22

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22