
БНХАУ-д нийт 763 сая гаруй тун коронавирусийн вакцин тариад байна гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн хороо (ҮЭМХ) ням гарагт мэдэгдлээ.
Гуравдугаар сарын 27-нд Хятад улс 100 сая дахь тун вакциныг тарьснаас хойш тус улсад вакцинжуулалтад хамрагдаж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.
100 сая дахь тунгаас 200 сая дахь тунг тарих хүртэл 25 хоногийн хугацаа орж байсан бол 600 сая дахь тунгаас 700 сая дахь тунг тарих хүртэл ердөө тав хоногийн хугацаа орсон гэж гэж ҮЭМХ-ны мэдэгдэлд дурджээ.
Тус хорооны мэргэжилтэн Жэн Жунвэйн ярьснаар, өнгөрсөн оноос хойш Хятадад нийт 20 вакцин эмнэлзүйн туршилтад ороод буй бөгөөд тус улс гарган авч буй вакциныхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улсад өөрийн хүн амаа бүрэн дархлаажуулах вакцин тийм ч хүрэлцээтэй бус байгаа хэдий ч тус улс дотоодын вакцинжуулалт болон вакцины судалгаа, боловсруулалтын ажлыг хурдасгахын сацуу “дэлхий нийтийн сайн сайхан”-ы төлөө КОВИД-19-ийн вакциныг гарган авах амлалтдаа хүндэтгэлтэй бөгөөд хариуцлагатай хандаж байна гэж тэрбээр ярив.
Одоогийн байдлаар, БНХАУ нь олон улсын хамтын нийгэмлэгт 350 гаруй сая тун COVID-19 вакциныг нийлүүлээд байгаа аж. Тухайлбал, тус улс хөгжиж буй 80 гаруй оронд вакцины тусламж үзүүлж, 40 гаруй улс оронд вакцин экспортолсон нь вакцины хүртээмжтэй байдлыг хангахад ихээхэн чухал хувь нэмэр болсон байна.
Хятадын “Синовак” үйлдвэрийн гарган авсан “КоронаВак” вакциныг яаралтай горимоор хэрэглэж болох вакцинуудын жагсаалтад ДЭМБ энэ долоо хоногийн мягмар гарагт албан ёсоор оруулсан билээ. Ингэснээр уг вакцин нь ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн хоёр дахь хятад вакцин болсон юм. Үүнээс өмнө өнгөрсөн сарын эхээр ДЭМБ “Синофарм” үйлдвэрийн “Веросел” вакциныг хүлээн зөвшөөрсөн билээ.
ДЭМБ-ын зөвшөөрөл нь Хятадын вакцинууд аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг баттай нотолж, цаашлаад вакцины тархалтын тэгш бус байдлаас үүссэн “дархлаажуулалтын цоорхой” -г арилгахад хувь нэмэр оруулна гэж шинжээчид үзэж байна.
Хятад улс дэлхийн дахинд нүүрлээд буй цар тахлыг дарж авахын тулд илүү практик арга хэмжээ авахаа тавдугаар сарын сүүлчээр болсон Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Тухайлбал, Хятадын вакцин үйлдвэрлэгчдийн технологиудыг бусад хөгжиж буй орнуудтай хуваалцах, тэдгээртэй хамтарсан үйлдвэрлэл явуулах зэргээр дэмжлэг үзүүлнэ гэдгээ дахин нотлон хэлсэн билээ.
Түүнчлэн Хятад улс дэлхийн хэмжээнд вакцины шударга бөгөөд тэгш хуваарилалтыг хөхиүлэн дэмжих арга замуудыг судлах зорилгоор вакцины хамтын ажиллагааны олон улсын форум хийх саналыг дэвшүүлээд байна.
Энэ оны хоёрдугаар хагаст КОВИД-19 вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх хандлагатай байгаа тул Хятадын вакцины үйлдвэрүүд болон Хятадын вакцинууд нь бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх дэлхийн хамтын нийгэмлэгийг цогцлооход илүү их хувь нэмэр оруулах нь дамжиггүй гэж тус улсын ҮЭМХ-ны мэргэжилтэн Жэн Жунвэй цохон тэмдэглэжээ.
Г.Солонго
0 cэтгэгдэлтэй