Гадаад харилцааны сайд газраа “наймаалах”-аар Орос руу нисэв үү

2021-05-31 94 0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдрөөс 2021 оны зургадугаар сарын 4-нийг хүртэл ОХУ-д ажиллаж байгаа талаар яамнаас нь мэдээлэв.

Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийнэ гэсэн хөтөлбөртэй явжээ.

Харин албан бус мэдээлэл нь “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг ОХУ-аас вакцин авчрах, мөн “Спутник” вакциныг Монголд үйлдвэрлэх Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг албажуулж ирэх болов уу гэх хүлээлтийг нийгэмд үүсгээд байна” гэх агуулгатай цацагдаж байна. Гадаад харилцааны сайдын ОХУ-д ажилласныг вакцинтай уях нь олон нийтийн анхаарлыг татна гэж үзсэн бололтой.

Гэвч олон нийтийн вакцинд хошуурч байсан цаг өнгөрсөн. Монгол Улс өнөөдөр вакцинжуулалтад санаа зовохоо нэгэнт больсон. Вакцинжуулалтынхаа хувиар дэлхийд тэргүүлж байна.

Б.Батцэцэг сайд өөрөө ч “Ковакс хөтөлбөрийн хүрээнд “АстраЗенека”, “Пфайзер” вакциныг нийлүүлээд нэг сая гаруй тунг он дуустал авахаар тохирсон. “Синофарм”-ын вакцин 800 мянган тунг авах дутуу байна. Энэ сардаа багтаад авчихна. “Спутник” вакцины 980 мянган тунг энэ ондоо багтаад авна гэж тохирсон. “Пфайзер” компанитай зургадугаар сарын эхээр эхний 250 мянган тунг хүлээж авна. Гуравдугаар улиралд нэг сая нэг мянган тун, дөрөвдүгээр улиралд мөн адил нэг сая нэг мянган тунг “Пфайзер” компанитай арилжааны шугамаар 2.5 сая тун вакцин худалдаж авахаар тохироод гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж ярьсан.

Мөн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) дамжуулан Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакцин нийлүүлэх хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэхээр болсон. Бас БНСУ-ын хоёр ч компани удахгүй “Спутник”-ийг үйлдвэрлээд эхэлнэ.

Вакцин онцгой хэрэгтэй үе байсан. Сар гаруйн өмнө дөө, халдварын дэгдэлт гаарч, хатуу хөл хорио тогтоосон үед бид хориод хоног вакцингүй суусан. Чухам тэр үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдрийнх шигээ ОХУ руу явж, вакцинаа ярих ёстой байв. Харамсалтай нь Ерөнхий сайд нь хүртэл оролцож, ийш тийш утастаж байж, өмнөд хөрш, бусад улсаас вакцин оруулж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Бид маш их хүчин чармайлт гаргасан гэж Б.Батцэцэг хэвлэлээр ярьдаг. Мэдээж хэрэг, хариуцсан салбар нь юм чинь ярьж л таарна.

Тэгвэл эрхэм сайд энэ удаад ОХУ-д хэд хонохдоо Монгол Улсад халтай нэгэн ноцтой зүйл “хэлэлцэх”-ээр явж байж магадгүй байна. Б.Батцэцэг Гадаад харилцааны сайд болсноосоо хойш Улаанбаатарын төв цэгт байдаг Төрийн ордон, Чойжин ламын сүмийн дунд оршдог газрыг ОХУ-ын мэдэлд өгөх талаар идэвхийлэн хөөцөлдөх болжээ. Сүүлдээ 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр “Монгол Улс ОХУ-ын харилцаанд саад болж буй “Ленин клуб” болон түүний орчмын газрын маргаан олон жил яригдаж байна. Үүнийг нийслэлийн төрийн захиргааны байгууллага, удирдлагууд онцгой анхааралдаа авах хэрэгтэй. Барилга хот байгуулалтын яамтай ярилцаж байгаад холбогдох нийслэлийн байгууллага, улсын бүртгэлийн газар, Газар зохион байгуулалтын алба хамтраад Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулах нь чухал байна” гэж хүртэл ярьсан байдаг.

Гадаад харилцааны сайдын ОХУ-д өгнө гээд байгаа энэ газар нь Монгол Улсын төр, түүх, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг албаны хүмүүс, түүхчид нэгэн дуугаар баталдаг. Түүхээс нь цухас дурдахад Төрийн ордны шавыг тавихдаа Чойжин ламын сүм музейн чанх хойш чигт байхаар тогтож барьж байгуулсан гэдэг. Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэг, төрийн далбаа Чойжин ламын сүм музейн гол сүмийн ганжиртай нэг шугамд давхацсан байдаг. Энэ нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин ламын сүм, Чойжин сахиусууд хамгаалж байг гэсэн утга билэгдэл агуулжээ. Чойжин ламын сүм нь ард олны дунд “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан Монголын түүх соёлын үнэт өв юм. Энэхүү сүм нь бөгөөд 50 орчим хурлын лам, таван сүм гурван жастайгаар хурал ном хурж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд сүмийг хаан битүүмжилж, лам нарыг нь тараасан гэдэг. Ингээд 1941 онд БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тэргүүн зэргийн хамгаалалтад авч, 1942 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэн тусгай зочин, элчин төлөөлөгчдөд үзүүлж байгаад 1962 оноос нийтэд үйлчилдэг музей болгосон. Мөн Ардын хувьсгалын анхны долоо “Төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэнэ” гэсэн цусан тангаргийг Чойижн ламын сүм дэх улаан Жамсран сахиусын өмнө өргөсөн түүхтэй юм байна. Тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд шашныг үгүйсгэж байсан ч, хувь хүнийхээ хувьд шүтэж байжээ.

Ийм газраа Гадаад харилцааны сайд нь харийн улсад өгнө гээд байгаагийн логик огт ойлгомжгүй бөгөөд Үндэсний аюулгүй байдалд халдсан хэрэг биш үү. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд “Үндэсний язгуур ашиг сонирхол гэдэгт Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гээд тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл, газар нутгаа хамгаалж байхын тулд гадаад харилцаа байдаг бус уу.

Түүчнлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь энэ газрыг “Монгол Улс ОХУ-ын харилцаанд саад болж буй” гэж тодорхойлсон нь маш ноцтой байгаа юм. Сайдын энэ үгийг гадаад харилцааны мэргэжилтнүүд юу гэж дүгнэх вэ. ОХУ манай улсын харилцаанд газрын асуудал яаж саад болов?!

Ер нь бол бүхэл бүтэн ОХУ манай улсын нийслэлийн энэ чухал газрыг авна гээгүй нь ойлгомжтой. Хэрвээ ОХУ манай улсын нийслэлийн төв цэгт, улсын түүх дурсгалын чухал ач холбогдолтой газрыг авахаар харилцаандаа бойкот хийж буй бол энэ нь дипломат бодлоготой харшина. Манай Гадаад бодлогын үзэл баримтлалд ч “Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг НҮБ-ын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно” гэсэн байдаг. Тэгэхээр энэ нь ОХУ-ын талаас ч, манайхаас ч гарах боломжгүй.

Харин Гадаад харилцааны сайдын энэ үйлдлийг сонгуулийн дараа болох Засгийн газар дахь “хөдөлгөөн”-д эсэн мэнд үлдэх, бас томилогдсоноосоо хойш ОХУ-ын С.Лавров, БНХАУ-ын Ван И нартай харилцахад “жулдаж” байна гэсэн шүүмжлэлийг үгүйсгэх гэсэн хувь улстөрчийн ашиг сонирхол төдий зүйл гэж үзэж болохоор байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг   газраа “наймаалах”-аар Орос руу нисэв үү гэж хардаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.31 ДАВАА 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Covid-оор нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгохыг шаардлаа

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр  Ардчилсан намаас хийсэн Үндэсний эмгэнэлийн

2021-06-21

Д.Сумъяабазар: Нийслэлийн төвийн бүсийн 6 дүүргийг дэмжинэ!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын уди

2021-06-21

Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр

2021-06-18