Дарханы замын санхүүжилтээс 20.6 сая доллар юунд зарцуулсан нь тодорхойгүй дутжээ

2021-03-25 173 0

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ.

Учир нь замын далан, суурь, хучилтад гарсан эвдрэлийн нөлөөгөөр машины дугуй хагарах, эд ангиуд эвдрэх, зам тээврийн осол ихээр гарах болсон. Сүүлийн гурван жилд тус замд 73 хүн амь насаа алдаж, 245 хүн гэмтэж бэртсэн гэх тоон мэдээлэл бий. Дээрх чиглэлийн 204.11 километр /км/ авто замыг өнгөрсөн 2019 оны зургадугаар сард хааж, 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн юм.

Үндэсний аудитын газраас /ҮАГ/ “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд 2020 оны есөөс арванхоёр сар буюу дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийж дараах дүгнэлтэд хүрчээ. Шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд өөрчлөлт оруулж, суурь үед 6 сантметр /см/ өнгөн үед 4 см нийт 10 см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсныг зөвхөн өнгөн үед 5 см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулжээ.

Замын хучилтын зузааныг 5 см болгож анхны төлөвлөлтийг багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэй аж.

Азийн хөгжлийн банкны зээл, тусламжийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гүйцэтгэгчээр шалгаран ажилладаг жишиг бий болоод багагүй хугацаа өнгөрч буй. Тиймдээ ч Дархан чиглэлийн 204.11 км авто замын ажлын таван багц тус бүрийг БНХАУ-ын таван өөр аж ахуйн нэгж /ААН/ хариуцсан. Гүйцэтгэгч шалгаруулах тендерт оролцох нийт 28 ААН санал ирүүлснээс 26 нь БНХАУ-ынх, үлдсэн хоёр нь дотоодын компани байсан боловч тендерийн баталгаа ирүүлээгүй, үнийн санал нь төсөвт өртгөөс давсан шалтгаанаар шалгараагүй аж.

Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтад оролцогч нарт тавигдах санхүүгийн шалгуур нь хэт өндөр байсан учраас дотоодын компаниудын тендерт оролцох боломжийг хязгаарласан гэж ҮАГ-аас үзжээ.

Учир нь багц бүрд ажиллах ААН-үүдийн борлуулалтын орлого 19-31 сая ам.доллар бол зөвхөн нэгдүгээр багцын ажлыг гүйцэтгэхэд компанийн дундаж орлого 25 сая ам.доллар байх шаардлага нь Монгол Улсын авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй зам барилгын үндэсний компаниудын хувьд өндөр шалгуур аж. Энэ нь гадаадын компаниудын хүчин чадалд тулгуурлан улсын авто замын сүлжээг өсгөн нэмэгдүүлэх, улмаар салбарын хөгжилд эерэг нөлөөтэй боловч нөгөө талдаа дотоодын компаниуд томоохон төсөлд оролцож чадахгүй байгаагаас тэдний чадавхыг сайжруулах боломж алдагдахад хүргэх эрсдэлтэй.

Дээрх таван багц ажлын гэрээний нийт дүн буюу 62.9 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн буюу 2019 оны зургадугаар сарын 12,14-ний өдрийн /2654.30 төгрөг/дундаж ханшаар тооцсон дүн 166.9 тэрбум төгрөг бөгөөд энэ нь батлагдсан төсөвт өртгөөс 52.7 тэрбум төгрөгөөр буурсан. Мөн төслийн хөрөнгө оруулалтын нийт 83.4 сая ам.долларын санхүүжилтээр авто замын барилга угсралтын үндсэн ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж, зураг төслийг боловсруулж, төсөвт өртгийг тооцсон ч гэрээ байгуулах шатанд энэ дүнг 62.9 сая ам.доллар болгож бууруулсан ба дүнгийн зөрүү 20.6 сая ам.долларыг хэрхэн зарцуулах нь тодорхойгүй.

Аудитын баг захиалагч, зөвлөх, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй хамтран барилга угсралтын ажилтай танилцахад нэгдүгээр багцын 32.76 км замд дэвссэн асфальт бетон хучилтын тэгш байдал алдагдаж, хөндлөн дагуу хагарлууд, зарим хэсэгт нүх гарч, хучилтын залгаас хэсгүүдийн заадас ил гарсан.

Аудитын явцад цуглуулсан нотлох баримтаас харахад зам барилгын ажлын үе шатанд технологийн горим зөрчигдсөнөөс шаардлага хангахгүй ажлууд хийгдсэн нь зөвхөн гүйцэтгэгчээс шалтгаалаагүй, харин барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хучилтын ажлыг зургаан сарын хугацаанд дуусгахаар ажлыг шахаж, цаг уурын тохиромжгүй нөхцөл, хүйтэн сэрүүний улиралд захиалагчаас гүйцэтгэгч нарт үүрэг, чиглэл өгч ажил гүйцэтгүүлсэнтэй холбоотой байна.

Тендерийн баримт бичигт авто замын газар шорооны болон хиймэл байгууламж, хучилтын ажлуудыг багц тус бүр 12 сарын хугацаанд гүйцэтгэхээр тусгасан байна. Гэвч захиалагч Зам тээврийн хөгжлийн яам, Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн шалтгаанаар 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хучилтын ажлыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Ингэхдээ гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа үнэлгээний хорооны санал, дүгнэлт, цаашлаад авто замын суурь, хучилт зэрэг улирлын чанартай гүйцэтгэх үе шатны ажлын онцлогийг харгалзан үзэхгүйгээр зам барилгын үндсэн ажлуудыг зургаан сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр төлөвлөж гэрээ байгуулсан байна.

Улмаар барилга угсралтын ажлын явцад Covid-19 халдвар гарсан учраас Азийн хөгжлийн банк гэрээний хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Энэ хугацаанд төслийг бүрэн хэрэгжүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч тухайн онд 2,4 дүгээр багцын гэрээт ажил хэрэгжээгүй, гэрээ цуцлагдаж ажил зогссон.

Undesten.mn 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Самранд яваад сураггүй болсон иргэдийг хайхаар нисдэг тэрэг хөөрлөө

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн

2021-07-22

Коронавирусийн халдвартай эмэгтэй биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ

Нэр бүхий охид, эмэгтэйчүүдийг орон байраар ханган биеийг нь үнэлүүлж байсан гэх мэдээллийг эх сур

2021-07-22

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт дахин газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон газар хөдлөлт 2021-07-22 18:00 цагийн байдлаар 2021 оны 1 д

2021-07-22