Сэтгүүлч Л.Мөнхтөр: Тэрбум мод

2022-09-20 44 0

Ногоон хувьсгалын гал бадарч бүгдээрээ л ургах дөхсөн нэгэн жилийн ард гарлаа. Үр дүн юу болж байна. Их ярьсан, их төлөвлөсөн, их үүрэг даалгавар амлалт болсон, их бүтээн байгуулалт харин…Ургуулахын эх үндэс нь ҮР. Үрээ идэхээр үнээгээ ид гэсэн Орос ардын үг бий. Аливааг үндэс язгуураас нь эхлэхгүй бол үзүүр оройноос нь эхэлвэл бүтэхгүй. Аривч хямгач байхгүй бол үрэлгэн байж болохгүй. Зөнгөөрөө ургасан модыг зөөж өөр газар шилжүүлж болохгүй.

Нэмэгдхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Хүн төрөхөд эхлээд өлгийг нь засдаг. Түүнээс шууд дээл хувцас эсгэдэггүй. Ийм зүй тогтлууд байна. Тэрбум мод тэнгэрээр нисэн ирэхгүй, газраар галгиулж ирэхгүй. Гараараа ноцолдож, хөлсөөрөө нэмэрлэж байж буй болно. Одоо бүгдээрээ үр цуглуулж, үрслэг бэлтгэж, өлгий засцгаая. Мэдээж нялх юм бүхэнд нөмөр дулаан хэрэгтэй. Тэр нь хүлэмж мэтийн “өлгий” юм. Тийм аваас газар бүхэнд айл бүхэнд үр бойжуулах ажил эхлүүлвэл ямар бол… Бид санаснаар болдоггүй хорвоод, хүсэл ихэдвэл хясал хавчдаг орчлонд амьдарч байгагаа сайн мэдрэх хэрэгтэй. Тийм аваас хоёр тэрбум үртэй болж байж нэг тэрбум модтой болно. Өөрийн үр хүүхдээ өсгөн бойжуулж эрдэм мэдлэгтэй болгохын төлөө та бид яаж хөлсөө дуслуулж, хэтэвчээ хоосолдог билээ. Түүн лугаа адилтган бодууштай. Бид 3300000 / гурван сая гурван зуун мянга/-уулаа. Тарих мод нэг тэрбум л даа. Тэгвэл нэг хүнд ойролцоогоор 303 мод ноогдож байна.

Ямар боловч дэлхийн индэр дээрээс амалсан нэг тэрбум модоо бид цаасан дээр ургуулчихлаа. Түүнийг одоо хөрсөн дээр ургуулах л үлдээд байна. Нам гүмээ эвдэж намрын тарилтын үед нэг хэсэг шаагалдаад чимээгүй болчихвий дээ. Байнга чимээтэй өсөн хөгжих явц дундаа ээдрэхгүй байвал сайн сан. Мал сүргээ жилийн эцэст тоолж өдий дөдий боллоо гээд тайлангаа тавьж, дарга бүхэн төл бойжуулсан юм шиг л амандаа багтаж ядан хөөрцгөөдөг. Үнэндээ бол хөдөөх хэдэн малчин л энэ ажлыг хийдэг. Түүн лугаа модоо жил бүр тоолж байгаарай. Хонь хариулдаг хүнийг хоньчин, адуу хариулдаг бол адуучин гэдэг. Мод тарьдаг хүнийг МОДЧИН гэж нэрлээд ургуулж байгаа өсвөр моддоо хоньчлон хариулж байхгүй бол горьгүй ээ… Бидний амьдралд МОДЧИН гэхээр мод унагаадаг хүнийг хэлээд хэвшчихсэн юм.

Одоо ургуулдаг хүнийг модчин гэж албан ёсоор нэрлэе. Мянгат модчин удахгүй төрж цагаан сараар энгэрээ мялаалгаасай хэмээн баярт бодолдоо өөрөө жаргаж сууна л… Ажил хэрэг болоосой. Нэрт сэхээтэн, эрдэмтэн доктор Дүгэржавын Энэбиш гэдэг цөөн үгтэй цөлх ухаантай нэгэн “Ойжуулагч, цэцэрлэгчдийн лавлах толь”-ийг нь бэлтгээд гаргачихлаа. Гартаа барих оюуны зэвсэгтэй боллоо гэсэн үг. Энэ лавлах монголд л ургуулж болох бүх мод бутны тухай шинжлэх ухааны үндэслэл тарих ургуулах арга технологийг үсэг дарааллаар байршуулсан хагас мянга гаруй нүүр хуудас бүхий том туслах лавлах юм.

Тэгтэл бас нэг сонирхууштай үрэлгэн зүйлийг олж үзсэн нь намайг энэхүү бичвэрт урин дуудлаа л даа. Тэр юу вэ… Чүдэнз. Энэ чүдэнзний үрэлгэний тухай хэдэн үг хэлье. Хайрцаг нь эрээн мяраан гэж жигтэйхэн 11.5 см урттай 1.8 см өргөнтэй буюу шоо хэлбэрийн хайрцагтай юм. Төсөөлвөл урт нь мухар сөөм өргөн бүдүүн нь томоохон хурууны дайтай. Дотор нь хорь гаруйхан хэтрүүлж хэлвэл банзнаас арай жижиг чүдэнз дам нуруу шиг хөшилдөнө. Чүдэнзний урт нь 11 см гээд бод доо.

Түрхсэн хүхэр нь 2 мм орчим. Буяны үйлийн зэдэнд голдуу ирэх юм. Тэрбум мод гээд хуйхаа маажиж байхад модыг ингэж үрж болох уу даа. Худлаа хэлдэг хүнд чүдэнзний нэг ширхэг модоор нь цай пурхийлгээд авмаар юм. Энэ бол тэрбум модны эсрэг хийж байгаа л үйлдвэрлэл гэхээс өөр юу гэж хэлэх вэ дээ. Харасалтай хэлж анхааруулья гэхээр чүдэнзний хайрцган дээр нэг ч үсэг тоо байхгүй. Эзэн биегүй зүйл юм. Ажил болж, дэлхийгээр нэг амалсан “сайхан” үйлсээ дэлхийгээ аврахын төлөө үрэлгэн биш, хянамгай хатуухан гар чангатай байхгүй бол болохгүй нь. Ай, тэрбум мод минь…

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22

Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ.

2022-09-22