Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг тонон дээрэмдсэн БАРИМТУУД!!!

2022-04-07 551 1
Төмөртэйн ордыг төрсөн эгч, хүргэндээ бэлэглэв
1996.09.14. Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Тамгын хэлтсийн дарга Б.Шинэбаатар нарын гарын үсэгтэй 02 тоот тогтоолоор Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал Б.Шагдарыг чөлөөлж, Л.Нацагдорж гэгчийг томилжээ. Л.Нацагдорж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордын ашиглалтын лицензийг төрсөн эгч Л.Туяагийн “БЛТ” компанид 1998 оны 1-р сарын 28-нд шилжүүлсэн байна. Л.Туяаг “БЛТ” ХХК-даа авсан ашиглалтын лицензээ өөрийн нөхөр Л.Баярцогтын “Төмөртэйн хүдэр” ХХК-д 7 жилийн дараа буюу 2005 онд шилжүүлжээ. Л.Нацагдоржийн хүргэн Л.Баярцогт нь 1995-1996 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчөөр сууж байсан түүхтэй. Төрийн өмчийн үйлдвэрийн 229 сая гаруй тоннын нөөцтэй, өнөөгийн үнэ цэнээр 40 их наяд төгрөг буюу Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнээс давах асар их баялагтай орд газрыг төрсөн эгч, хүргэндээ өгч байсан ноцтой баримт юм.
Энд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлал нэрээр хулгайлсан, Эрдэнэтийн 49 хувийг төрийн өөрийнх нь мөнгөөр авсан, Хөгжлийн банкыг тоносон хар түүхэнд нэр, мөрөө үлдээсэн нөгөө хэдэн хүн ахин гарч ирж байна. Төрсөн эгч, хүргэндээ улсын орд баялгийг өгсөн Л.Нацагдоржийг томилсон хүн нь тухайн үеийн ТӨХ-ны дарга, 2012-2016 оны УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд байжээ. ТӨХ-ны тамгын даргын хувьд гарын үсгээ зурж, гардан зохион байгуулсан хүний нэг Б.Шинэбаатар бол “фортуна”Н.Батбаярын толгойлсон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж, хамгийн их чанаргүй өр зээл үүсгэсэн, ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэгийг төлөөлөн Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар очиж байсан хүн юм. Б.Шинэбаатар өнөөдөр Хөгжлийн банкны хэргээр цагдан хоригдож байна.
Цүнхэнд багтдаг компани дэлхийн томчуудыг “ялав”
2011.12.23. Үйл ажиллагаа явуулаагүй, тамга, гэрчилгээнээс цаашгүй “Кью Эс Си” гэдэг компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар тодорч, ТӨХ-ны дарга Д.Сугартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Д.Эрдэнэбилэгийн цүнхэнд багтдаг тоглоомын компани “Кью Эс Си” дэлхийн аварга том корпорациудыг ялсан болж таарав. Солонгосын “Поско”, Энэтхэгийн “Меско стийл”, “Ай Си Эм”, Хятадын “Бао Ган”, “China National Precision Machinery I/E corporation гэсэн таван аварга том корпораци Д.Эрдэнэбилэгийн 2 хон жилийн өмнө бүртгүүлсэн компанид навсайтал “ялагджээ”. “Бейзмент” гэдэг айлын хаяган дээр бүртгэлтэй, огт үйл ажиллагаа явуулаагүй компани 24 цагийн дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар шалгаран, дэлхийн 9 том банк, корпорацийг ялсан жүжигтэй яг адилхан зохиол энд ч мөн бичигдсэн байна. Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн тоглоомын “Бейзмент” нэртэй цүнхний компани дэлхийн том банк, группуудыг “ялж” чадахад Х.Баттулга Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байв. Ерөнхий сайдын харьяанд байсан Төрийн өмчийн хороог Х.Баттулга өөрийнхөө яамны мэдэлд татан авчирсны дараа ийм жүжиг тавигдсан байдаг.
Өөрийн хөрөнгөгүй “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 10 жилийн дотор 49 сая долларын хөрөнгө оруулан, бүрэн санхүүжүүлж, төмөр зам, ачих буулгах байгууламж, цахилгаан хангамж зэргийг барьж байгуулан, ордын төмрийн хүдрийн 70 хувийг өртгөөр нь авах эрх эдлэх гэрээ байгуулжээ. Арван жил буюу 2021 оны 12-р сарын 23 хүртэлх хугацаанд гэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, жилд 3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Оюутолгой, Тавантолгой, V цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтанд хэрэгтэй арматур, ган хийц нийлүүлэх, төмөр зам, автозам, шугам сүлжээ барьж байгуулах асар том үүрэг хүлээсэн байна.
Их дээрмийн бэлтгэл операци ажиллагаа
2012-2013 он. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн толгойлсон Ардчилсан намын Засгийн газрууд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төмрийн ордуудтай нь тонон дээрэмдэхийг ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгт дараалан зөвшөөрсөн юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн концессоор авахын угтвар нөхцлийг зориудаар бүрдүүлж, Төрийн өмчийн хорооны 326, 327 тоот хоёр тогтоол нэг өдөр дараалан гарсан. Эхнийх нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт “Кью Эс Си” компани 48 сая долларын хөрөнгө оруулсныг нь зөвшөөрсөн утгатай байсан бол удаах тогтоолоор гэрээний үүргээ биелүүлснийг нь харгалзаж менежментийг нь шилжүүлэхээр заажээ.
Хэрвээ “Кью Эс Си” хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлсэн бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 3 сая тоннд хүргэж, Төмөртэйн ордыг холбосон төмөр замыг, терминал, кемптэй нь барьж, цахилгаан хангамжийг бүрэн шийдсэн байх ёстой байв. Гэвч “Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 81,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэх дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийлээ.
Үндэсний аудитын газар нь УИХ-аас байгуулдаг байгууллага. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Л.Нацагдорж гэгчийг томилж, тэр нь төрсөн эгч, хүргэндээ Төмөртэйн ордыг шилжүүлэх үүд хаалгыг нээсэн УИХ-ын дарга З.Энхболдын санал оруулан томилсон Ерөнхий аудитор энэхүү дүгнэлтийг гаргасан.
Концесс нэртэй их дээрэм
2014.02.28. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар 69 тоот тогтоол гаргаж, Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээг “Кью Эс Си” ХХК-тай байгуулахыг ЭЗХ-ийн сайд Н.Батбаярт даалгав. Үйлдвэрийн удирдлагын эрх, өмчийг шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт, ТЭЗҮ, зураг төслийг батлах, тусгай зөвшөөрөл олгохыг Үйлдвэр, хөдөө аж аухйн сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгасан байна. Н.Алтанхуяг нь Д.Эрдэнэбилэгт зээл олгосон, төрийн өмчийг үнэгүй өгсөн үйлдэлд өөрийгөө огт хамаагүй гэж мэлздэг боловч өөрийнхөө тэргүүлсэн Засгийн газрынхаа тогтоолыг худал гэж хэлэх боломжгүй юм.
“Кью Эс Си” компани хуурай, нойтон аргын баяжмалын үйлдвэр, ангижруулсан төмрийн үйлдвэр, жилд 300 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн буюу арматур, ган хийц, ган бөмбөлөг үйлдвэрлэх, 33,4 км төмөр замыг ачих буулгах терминалтай, 95 км хүнд даацын автозам, 50 км цахилгаан шугам, дэд станц барих зэрэг 6 үндсэн үүрэг хүлээжээ. Энэ зургаан том ажлаас ангижруулсан төмөр үйлдвэрлэх, барилгын үнийн өсөлтийг хазаарлаж болох байсан арматур болон Эрдэнэтэд нийлүүлэх ган бөмбөлөг үйлдвэрлэх үүрэг даалгавар огт биелээгүй. Харин анхан шатны боловсруулалт хийх буюу баяжмал үйлдвэрлэх, төмөр зам, авто зам, цахилгаан шугам барих ажил биелсэн гэх боловч улс оронд асар их хохиролтой санхүүгийн схемчлэгдсэн луйвар явагдаж, төрийн сайд асан гурван хүн ял шийтгэл хүлээсэн гэмт хэрэг гарсан юм.
Хөгжлийн банкинд тавьсан их өр
Өөрийн хөрөнгөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өөд татаж, өргөтгөж шинэчлэх үүргээ биелүүлээгүй, анхнаасаа ийм чадавхигүй байсан “Кью Эс Си” 2014 онд Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл авсан. Авсан арга зам, зориулалт нь эрс ялгаатай. 1-рт, Засгийн газрын тогтоол, шийдвэргүйгээр авсан зээл. 2-рт, Хөгжлийн банкинд Худалдаа, хөгжлийн банк, Оросын МИБ банкнаас хүүтэй мөнгө байршуулж, түүнийгээ зээл болгон авсан. 3-рт, мөнгө зориулалтын бусаар зарцуулсан. 4-рт, барьцаанд нь 730 саяар үнэлсэн нэг орон сууц, тоног төхөөрөмж, төмрийн хүдрийн овоолго, ирээдүйн орлого гэх мэтийг тавьсан.
“Кью Эс Си” ХХК Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд хүртэлх 33,4 км төмөр зам барихаар Хөгжлийн банкнаас зээл авсан. Хөгжлийн банк тэдэнд зээл олгох боломж байсангүй. Гэтэл Д.Эрдэнэбилэгийн хувийн Худалдаа, хөгжлийн банкнаас 45 сая доллар, Оросын Московский Индустриальный Банк \Москвагийн Аж Үйлдвэрийн банк\-наас 26,5 сая доллар, нийт 71,5 сая долларыг Хөгжлийн банкинд хүүтэй хадгаламж хэлбэрээр байрлуулаад, түүнийгээ зээлсэн байна.
Хувийнхаа Худалдаа, хөгжлийн банк, Оросын банкнаас хувийнхаа компанидаа зээл авах боломж байсаар байтал заавал Хөгжлийн банкнаар дамжуулах сонирхолтой байжээ. Анхнаасаа зээлээ төлөхгүйн тулд Хөгжлийн банкыг дунд нь ингэж түлхэж оруулан, өртэй үлдээх төлөвлөгөөтэй байжээ гэж тайлж болно. Төмөр зам барихаар Хөгжлийн банкин дээр бичүүлж авсан 71,3 сая долларын зээлээрээ Худалдаа, хөгжлийн банкны 8 зээлийг хаасан. “Бейзмент” гэж байгаад “Хөтөл” болж нэр, зүсээ сольсон компани нь мөн л Хөгжлийн банкнаас авсан 61,2 сая долларын зээлийнхээ 40 шахам сая доллараар нь Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны зээлийг хаасантай адилхан схем, зориулалтын бус зарцуулалт юм. Хөгжлийн банкны зээл судлах, олгох, төлүүлэх хүртэлх бүх шатанд “сахал” Д.Эрдэнэбилэг гар хөлөө шургуулж, биежүүлсэн схемээ ашигласан байдаг. “Кью Эс Си” компанийн 30 хувийг эзэмшдэг “Оргил смарт солюшн” компанийн захирал А.Бат-Оргил Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирлаар ажиллаж байсан.
Өөртөө зээл олгоод, өөрөө төлүүлэх албан тушаалыг бөглөж байсан хүн. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар нь Д.Эрдэнэбилэг төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн авахад олон жил гардан оролцсон, Эрдэнэт үйлдвэрт түүнийг төлөөлөн сууж, Худалдаа хөгжлийн банкны 27 тэрбумаар барьсан 13 давхар барилгаас 11, 12-р давхрыг нь 27 тэрбумаар худалдан авах, “Хөтөл”, “Кью Эс Си”-д өнөөдөр 506 тэрбумын үлдэгдэлтэй байгаа зээлүүдийг олгох шийдвэрийг гаргасан Б.Шинэбаатар сууж байв. Д.Эрдэнэбилэгийн хувийн Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал М.Банзрагч мөн энэ үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн нэртэйгээр хамгийн хараат байдлаар оролцож байсан юм.
“Кью Эс Си” компанийн авсан зээлийн хугацаа 2018 онд дуусч, Хөгжлийн банк шүүхэд өгсөн. Улсын дээд шүүхийн 2022 оны 1-р сарын 13-нд гарсан эцсийн шийдвэрээр “Кью Эс Си” Хөгжлийн банкинд 191 тэрбум төгрөг төлнө. Гурван жилийн өмнө шүүхийн процесс эхэлснээр хүү, алданги тооцогдохгүй таг зогссон. Зөвхөн эндээс Хөгжлийн банк 40 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон байна.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, хууль шүүхийн хонгилын эзэн байхад Д.Эрдэнэбилэг өөрт ашигтай шийдвэрүүдийг захиалан үйлдвэрлүүлдэг байв. Ганцхан жишээ хэлэхэд, Хан-Уул дүүргийн шүүгч Б.Мөнхбаяр гэгч “Кью Эс Си”-гийн дансыг битүүмжлэх өөрийнхөө шийдвэрийг цуцалж, Хөгжлийн банк өрөө барагдуулах боломжийг хааж байсан юм. Б.Мөнхбаяр нь цахилгаан шатанд зүй бусаар авирлагч өмгөөлөгч Б.Баасанцогтоос ХААН банкны дансаараа мөнгө авсан үйлдэлдээ шийтгэл хүлээж, шүүгчийн бүрэн эрхээ алдсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дээрэмдүүлсэн хохирол
Энэ бүхэн Улсын үйлдвэрийг 229,3 сая тоннын нөөцтэй Төмөртэйн, 21,3 сая тоннын нөөцтэй Төмөртолгойн, 12,6 сая тоннын нөөцтэй Хустайн гэсэн гурван гурван ордтой нь хамт үнэ төлбөргүй аваад, улсын банкнаас 191 тэрбумын өртэй үлдэж, улсад нь 253 тэрбумаар дэд бүтцүүдээ шахаад, өөртөө 2 их наядын орлого хийсэн, улсыг цөлмөн тоносон их дээрэм, санхүүгийн асар том луйвар юм. Металлургийн цогцолбор байгуулах нь үлгэр биш үнэн бодит ажил байсан бол бол барилга, орон сууцны үнэд голлох нөлөөтэй арматур, ган хийцээ Монгол Улс өөрсдөө үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлж, үнийн өсөлт, долларын ханш чангарахаас сэргийлэхэд чухал түлхэц болох байсан юм. Д.Эрдэнэбилэгт булаалгасан өмч хөрөнгө, үйлдвэр, орд газрууд, авах ёстой өр авлага, алдагдсан боломжуудыг нийлүүлбэл асар их хор хохирол гарна.
Оффшор копмани “Кью Эс Си” Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэ төлбөргүй аваад, толгой дээр нь гарч суугаад, өр зээлээ төлж чадахгүй болсон юм уу гэвэл бүр эсрэгээрээ. Өрөө төлж чадахгүй биш өрөө төлөх хүсэл сонирхолгүй компани гэдгийг нь дараах тоо баримт хэлж өгдөг. Гаалийн албан ёсны мэдээгээр 2014-2021 онд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Кью Эс Си” компани 2 их наяд төгрөгийн төмрийн хүдэр урагшаа зөөж борлуулсан. Хөгжлийн банкны зээлээс 10 дахин их орлого олсон гэсэн үг юм. Хоёр их наяд төгрөгийн борлуулалттай боловч ажилчдынх нь гар дээрээ авдаг дундаж цалин 600-700 мянган төгрөг байна. 1,5 их наядын төмрийн хүдэр урагшаа зөөсөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн улсад төлсөн татвар 50 тэрбум хүрэхгүй. Улсад татварын 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй. 421 тэрбумын борлуулалтын орлоготой, толгой компани “Кью Эс Си” улсад ердөө 5 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн, Хөгжлийн банкинд 191 тэрбум төгрөгийн өртэй байна. Д.Эрдэнэбилэг 10 гаруй жилийн туршид төрийн өнгөтэй өөдтэй өмч хөрөнгийг цөлмөж, төрийн өөрийнх нь мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан ял шийтгэлээс мултарч ирсний нууц нь хууль, шүүхийн худалдагдсан сүлжээ, хонгилын нөлөөтэй холбоотой. Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн охин, хүргэн, төрсөн дүү нар хятад иргэнтэй хамтарсан компаниар Дарханы төмрийн хүдрийг урагш нь зөөж, 200 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн баримтыг сэтгүүлчид ил болголоо. М.Энх-Амгалан прокурор Эрдэнэтийн 49 хувийн хэргийг удаа дараа буцаасантай их хэмжээний борлуулалтын талаарх баримт цаг хугацаа, үйлдлийн хувьд ч давхцаж байна.
“Кью Эс Си нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт эзэн суусан, 24 хөн ажилчинтай, Британийн Виржини аралд бүртгэлтэй, оффшор компани юм. Хөгжлийн банкнаас зээл авах шийдвэрийг “Кью Эс Си” компанийн жинхэнэ эзэн, ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гаргасан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг нь Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрөөс ижил арга, санхүүгийн нэг схемээр луйвардан авсан бөгөөд Хөгжлийн банкинд өнөөдөр 506 тэрбум төгрөгийн өртэй байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОБ-ын албан хаагчдад 25 тэрбумаар хувцас, тоног төхөөрөмж авна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл,

2024-04-24

Х.Нямбаатар: Хөдөөнөөс ирэгсэд орон сууцанд орж чадахгүй, яндангийн тоо нэмэгдээд байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засг

2024-04-24

НЭМҮТ:ГАМШГИЙН ҮЕД ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТЛЫГ ЭМЧЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Зудын гамшигт нэрвэгдс

2024-04-23