Түгжрэл: Хотыг арван жил удирдсан таван даргын амлалт

2022-02-18 153 0
Хотын түгжрэлийг бууруулах  хоосон амлалт хориод жилийн түүхтэй. Анхлан 2005 онд  замын хөдөлгөөний ухаалаг систем бий болгох, 2006 онд Засгийн газраас Улаанбаатарын авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахыг зарим сайд, Хотын даргад үүрэг болгож байв. Мөн 2008 онд “Хоёр түвшний зам” төсөл хэрэгжүүлж, баруун, зүүн дөрвөн замыг давхар болгож, гол гудамжуудад нүхэн гарц, гүүр хийнэ гэж тухайн үеийн Хотын дарга Т.Билэгт мэдэгдсэн байдаг. Түүнээс хойш даруй 14 жил өнгөрсөн ч өнөөдөр замын түгжрэл бахь байдгаараа. Түгжрэл улам бүр нэмэгдсэн ч мөнгө төсөвлөж, зарцуулаад байхаас биш тэмцэх дорвитой арга хэмжээ авсангүй. Дарга сайд нар солигдох тоолонд өмнөхөө баллуурдаж, шинэ төлөвлөгөө “зурдаг” жишиг бий болсон. Үүний уршгаар манай улсын нийт хүн амын тал хувь нь буюу 1.49 сая гаруй хүн оршин сууж, аж ахуйн нэгжийн 64 хувь, ДНБ-ий 64.6 хувь нь төвлөрдөг Улаанбаатар хот түгжрэлийн үүр уурхай хэвээр байна. Судалгаагаар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй. Авто замын хөдөлгөөний хурд 13 км/цаг, оргил цагт 8.9 км/цаг байгаа. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Мөн Улаанбаатар хотын оршин суугч дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ. Ийм атал сүүлийн арван жилд Хотын таван дарга солигдсон хэрнээ түгжрэлийг бууруулах бодит ажил хийсэн үү гэдгийг зам дээр “амьдарч” байгаа нийслэлчүүдийн төрх бэлхнээ харуулж байгаа учраас дүгнэлт хэлэх ч шаардлагагүй. Тэгвэл 10 гаруй жилийн өмнө метротой болох мөрөөдөлтэй байсан нийслэлчүүдэд үе үеийн хотын дарга нарын хэн нь  түгжрэлийг бууруулахад юу хэлж, амлаж байсныг эргэн сануулья.
2008-2012 он
Г.МӨНХБАЯРЫН ҮЕД МЕТРОТОЙ БОЛОХ САНААЧЛАГА ГАРГАВ
-Улаанбаатар хотыг 2017 он гэхэд метротой болгохоо амлав. Метро барьж, ашиглалтад оруулах талаар  2011 онд санаачилж, нийтэд танилцуулж байв. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Жайка байгууллагынхантай уулзаж, метротой болгох хэлэлцээ хийхдээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлэхээр болсон тухай мэдэгдсэн юм. Тухайн үед метротой болгох ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэх компаниудыг шалгаруулж, бага оврын LRT загварын 5000-30000 хүний багтаамжтай, хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрддэг метрог сонгоод байжээ.
2012-2016 он
Э.БАТ-ҮҮЛ ХОТЫН ЗАХИРГААГ БАЯНХОШУУ РУУ, АВТОМАШИНЫ ЗАХЫГ СОНГИНОХАЙРХАН РУУ  НҮҮЛГЭХЭЭР БОЛОВ
-Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд автомашиныг улсын дугаарын сүүлчийн орноор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Б.Бат-Үүл даргын үед НИТХ-аас гаргав. Мөн Амгаланд метроны шав тавих ёслол хийж, Толгойт хүртэл барьж 2020 онд ашиглалтад оруулахаар болсон юм. Түүнчлэн нийтийн тээврийг картын системд шилжүүлж кондукторыг халж, автомашины захыг нүүлгэхээр Авто худалдааны цогцолбор ашиглалтад оруулсан юм. Тэрбээр хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэж, тусгай шугамын автобусны замд Азийн хөгжлийн банкны шугамд тэнцэхүйц троллейбус явуулах санал гаргаж байв. Түүний түгжрэлийг бууруулахаар явуулж эхэлсэн рейлбус нь зорчигчгүй, алдагдалтай гэх шалтгаанаар зогссон юм.
2016-2018 он
100 АЙЛЫГ ХОТООС ГАРГАЖ, ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ  САНААЧЛАГЫГ С.БАТБОЛД ГАРГАСАН
-Долоо хоногийн эхний дөрвөн өдөр автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаж, баасан гарагт томоохон захуудыг амраах санаачлага гаргав байв.  Мөн төв замаар автомашинуудыг зүүн гар тийш эргэхийг хориглосон захирамж гаргасан ч цуцалсан. Түгжрэлийг бууруулахын тулд 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх Ажлын хэсэг байгуулж, Тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад оруулахыг эрмэлзэж байгаагаа Азийн хөгжлийн банк мэдэгдэж байжээ. Тэрбээр Хотын захиргааг ханын материал руу нүүлгэх гэж байсныг  Яармаг болгож өөрчилсөн юм.
2019-2020 он
ДҮҮЖИН ТЭЭВЭР, ТЭНГЭРИЙН ТОЙРОГ ТӨСӨЛ С.АМАРСАЙХАНЫ ҮЕД  ГАРЧ ИРЭВ
-2019 оны хоёрдугаар сард С.Амарсайхан Хотын даргаар томилогдож, солигдох хүртлээ нийслэлийн замын түгжрэлийг арилгахад чиглэсэн нийтийн тээвэртэй цогц төслийг санаачилсан юм. Тэрбээр агаарын дүүжин тээврийн эхний маршрутыг  2021 оны зургадугаар сард ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд автобусны парк шинэчлэлт, цахилгаан соронзон галт тэрэг, шинэ төрлийн такси үйлчилгээ, агаарын такси гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобусыг шинээр нэвтрүүлэхээр болсон юм. Мөн тухайн үеийн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан түгжрэлийг бууруулах “Тэнгэрийн тойрог” төслийг танилцуулж байв. Нийтийн тээврийн цогц төслийг хэрэгжүүлснээр 4-6 жилд түгжрэлийг 90 хувь шийднэ хэмээн үзэж, Засгийн газар дэмжсэн байдаг. 2020 онд Ж.Батбаясгаланг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.
2020 оноос
ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ Д.СУМЪЯАБАЗАРЫН ШИЙДЭЛ LRT ХӨНГӨН ГАЛТ
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар, Автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх 420 тэрбум төгрөгийн түүхэн шийдвэр гаргасан. Ажлын задаргааг танилцуулсан тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэв. Ингэхдээ LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх зэрэг есөн бүлэг ажил төлөвлөсний дотор автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөх, 499 нэгж талбарын газар чөлөөлөх, Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барина. Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгоор 30 байршилд автозамын инженерчлэл хийх, ухаалаг тээврийн систем, 500 автобусны парк шинэчлэл,  гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр, дугуйн замыг нэмэх зэрэг ажлыг төлөвлөөд байна. Эдгээр ажил хэзээ хэрэгжиж үр дүнгээ өгөх нь тодорхойгүй ч хамгийн их түгжирдэг Их тойруу, Хан-Уулд байрлах 59 сургуулийн хичээлийн эхлэх, дуусах цагийг өөрчилж, эцэг эхчүүдийн ажлын цагтай уялдуулах зохицуулалт хийхээр ярьж байна.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хотын дарга Д.Сумъяабазар Москвад очиж, туршлага солилцжээ

Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Улаанбаатар хотын албан ёсны төлөөлөгчид Москвад айлчилж, хот ба

2022-09-22

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн

2022-09-16

Оффшорчин Б.Дэлгэрсайханы Монголын стратегийн ордыг хятадуудад атгуулсан БАРИМТ!!!

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2020 оны сонгуулийн өмнө /2020.06.29/ Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, М

2022-09-14