У.Хүрэлсүх: 2022 он монголчууд эдийн засгаа өсгөсөн, шударга ёсыг бэхжүүлсэн жил байх болно

2022-01-01 216 0
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Он солигдох торгон мөчид монголчууд бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ.

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жил зэрэг олон түүхэн тэгш ой тохиолоо.

Улиран одож буй 2021 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 66 мянга гаруй хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо.

“Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж манай ард түмний хэлдгээр малчид, тариаланчдын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авсан сайхан жил боллоо.

Цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшиж байсан бол төр, засаг, хувийн хэвшлийн хамтын зүтгэлийн дүнд энэ оны эхний есөн сарын байдлаар 3.6 хувиар өсөж, 300 гаруй мянган ажлын байрыг хадгалж чадлаа.

Эдийн засгийн өсөлтөд манай бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг баярын энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.

Мөн улиран одож буй 2021 онд манай тамирчид, сурагчид их спорт, оюун ухааны олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцож, бахдам сайхан амжилт гарган ард түмнээ баярлууллаа.

Токиогийн Зуны 32 дахь олимп, 16 дахь паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань оюуны олимп гэгддэг Олон улсын олимпиадаас түүхэндээ хамгийн олон медаль хүртэж, дэлхийн 107 орноос эхний 11 дүгээр байранд орлоо.

Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүндийн өргөлтийн Дэлхийн аварга болж, монгол эмэгтэй хүний гайхамшигт чадварыг дэлхий дахинд харуулсан бахдам үйл явдал боллоо.

Өнгөрөн одож буй 2021 онд сайн сайхан зүйл олон тохиолдсон хэдий ч хүн төрөлхтөн цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж, амаргүй олон сорилт, бэрхшээлийг даван туулж байна.

Хүн хүнээ эрхэмлэн хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдол, харилцан ойлголцол, эв нэгдэл, амьдралын үнэ цэн ямар чухал болохыг улам бүр ухаарсан жил боллоо.

Энэ амаргүй хүнд цаг үеийг монголчууд бид хохирол багатай даван туулах, хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд ард иргэд, төр, засаг, аж ахуйн нэгжүүд бүхий л боломж, нөхцөлөө дайчлан ажиллалаа.

Цаашид ч цар тахлын хүндрэлтэй үеийг хамтын хүчээр даван туулахын зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Энэ хүрээнд “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улс ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ.

Миний Монголын ард иргэд ээ,

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно. Монгол хүний оюун санаа, түүх, соёл, хэл бичиг, нүүдэлчдийн соёл иргэншил гээд бидний язгуур баялаг асар их бий.

Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархах, монголоороо гоёх, монголоороо оршихын үндэс суурь болох юм.

Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай.

Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй.

Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийнхаа үр шимийг нэмэгдүүлэх, хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлж авахын төлөө хийсэн тэмцэл бодитой үр дүнд хүрч байна.

Тухайлбал, Оюу толгой төслөөс манай ард түмний хүртэх үр өгөөж, ашиг шим нэмэгдэх таатай боломж бүрдлээ. Энэ бол Монголын ард түмэн, төр, засгийн нэгдмэл байдал, тууштай бодлогын үр дүн юм.

Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм.

Цаашид ч монголчууд бид эв хүчээ нэгтгэн, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж чадах аваас ямар ч сорилт, бэрхшээлийг даван туулж чадна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө Та бид алхам алхмаар урагшилсаар байна.

2022 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно.

Ирж буй 2022 онд Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна.

Монголчууд бид улс гүрнээ нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулж, дэлхий ертөнцөд монгол үндэстнийг тамгалан үлдээсэн Их эзэн Чингис хааныхаа үнэлж баршгүй гавьяа зүтгэлийг мөнхөд алдаршуулан, үзэл санаа, үүх түүх, итгэл үнэмшлийг нь үндэсний үнэт зүйл, бахархал болгон түмэн олноо түгээн дэлгэрүүлэх ёстой.

Улаан залаат, хөх монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе.

Он солигдох энэ торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй шинэ он иргэн бүр энх тунх, айл болгон аз жаргалтай байж, ажил ундарч, амьдрал буцалсан, улс гүрнээрээ дэвжин дээшилсэн хөгжил дэвшлийн жил байх болтугай.

Ард түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хайртай бүх хүн нь аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол иргэн Байгал нуурт живж, амиа алджээ

Энэ сарын 09-ны өдөр /2022.08.09/ ОХУ-ын Буриадын Байгал нуурын Кабанскийн дүүрэгт байрлах онгоцны з

2022-08-11

“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко” зэрэг компанийн махнаас ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НЯН илэрлээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бү

2022-08-11

Хэнтий аймагт 2 тэрбумаар ЗООРЬ УХАХ тендер зарлажээ!!

Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Дадал сумдуудад "ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН" хөшөөт цогцолбор байгуулагдаж

2022-08-08