О.Чулуунбат: АН дахин хүчирхэг болох гарц бол сөрөг хүчний байр суурин дээрээ эргэн нэгдэх

2021-02-10 167 0

-Сайн байна уу. Ардчилсан намын дотоод талцал  нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байх шиг. Маргалдагч талуудын тэмцэл улам хурцдаж, хоёр талд мэдэгдэл хийж, нэг нэгнээ үгүйсгэж байна?

-Сайн. сайн уу Цэндээ. Ярилцлага маань ширүүхэн асуултаар эхлэж байна. Намын нэр хүнд сонгогчдын дунд таагүй байгаа төдийгүй хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн сэтгэл ханамж ч сайнгүй байна. Учир нь Ардчилсан Нам парламентийн хоёр, орон нутгийн сонгуулийн хоёр нийлээд дөрөв дараалсан ялагдлын шокноос гарахгүй, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаад эрх баригчдаас бусад нь шүүмжлэлтэй хандаж байна. Хоёулаа нэлээд нээлттэй, ширүүхэн ярилцлага хийх юм байна гэж ойлголоо. Шууд тодорхой ярилцах нь танай уншигчдад ч ойлгомжтой, уншвартай байх болов уу.  Хожмын түүхчдэд ч дэмтэй.

 -АН-ын дотоод асуудал, нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж, цэгнэж байна вэ. Энэ маягаараа цаашид юу болох вэ? Шууд, нээлттэй хариулна уу

-Дөрвөн сонгуулийн ялагдлын шокноос гарч чадахгүй байсаар тав дахь сонгуульдаа буюу ерөнхийлөгчийн сонгуульд хэдхэн сарын дараа манай нам орох гэж байна. Нам дотооддоо дүрмийн хямралд өртсөн.  Үндсэн дүрмээ хамгаалах гэсэн нэг тал, үндсэн дүрмийг хулгайн замаар ч хамаагүй өөрчилж одоогийн ерөнхийлөгчийг сонгуульд намаас шууд нэр дэвшүүлэх гэсэн хоёрдогч хэсэг, аль аль нь миний зодоон биш учраас ил оролцохгүй гэсэн залуучууд голдуу гуравдагч хэсэг болж талцаж байна.

Олон нийт үндсэн дүрмээ хамгаалах гэсэн С.Эрдэнэ даргатай хэсгийг хэрүүлийг анхан дунд шатанд аваачилгүй шинэ даргаа яаралтай тодруулсангүй гэж шүүмжилж байгаа бол Ц.Туваан даргатай хоёрдогч хэсгийг нэг хүний гар хөл болж ардчилалын эсрэг үйлдэл хийсэн гэж голонгуй хандана. Гуравдагч гэж үл оролцоотой байгаа залуусыг арчаагүй, ах нарынхаа дороос босохгүй байна гэж шоолох маягтай. Эцэст нь оролцогч гурван тал бүгдээрээ хамтдаа нэр хүнд нь унаж байна. Нийгэм биднийг нэг нам-нэг завь гэж харж байгаа болохоос дотоод маргаанд хэн нь юу ярих, ямар байр суурьтайг нь тоохгүй байна шүү дээ.

-Танай намын их хурлын бүлэг ямархуу ажиллаж байна вэ?

-Хэвлэлийн хэмжээний л мэдээлэлтэй байна. Яг инстүүц гэдэг утгаараа  тодорхой зангидсан бодлого байхгүй хувь гишүүдийн байр суурь, эрх ашиг дээрээс л дуугарч байх шиг.

-Одоо ямар гарц гаргалгаа харагдаж байна вэ.  Энэ нам хуваагдаад байхгүй болж байна уу гэж иргэд дүгнэж байна?

Иргэд АН хуваагдаад байхгүй боллоо хэмээн дүгнэсэн ямар нэгэн судалгаа, баримтыг би одоохондоо олж уншаагүй, хараагүй учраас зөвшөөрөхгүй дүгнэлт байна. Улс төрийн нам бол байшин сав, даргын тамга бүхий шаталсан бүтэц төдий зүйл биш юм. Улс төрийн нам бол үзэл санаа, үнэт зүйл нэгтэй хүмүүсийн нэгдэл. Яг л бурхантай холбогдохын тулд янз бүрийн хүмүүс сүмд цугладаг шиг. Үзэл санаа мөхдөггүй учраас ардчилсан нам байхгүй болохгүй. Харин сүмийн тэргүүн хэн байх, дүрэм журам ямар байх хэрүүл бол дотоод маргаан төдий юм. Ийм маргаанаа шийдэхгүй бол сүмд хүмүүс очихгүй. Сүмд хүмүүс ирэхгүй бол үзэл санаагаа олон хүнд хүргэж чадахгүй, засаг барихгүй.

Үзэл санаагаа дагаад улс төрийн намууд өөр өөрийн характертай байдаг. АН-ын гишүүдийн нийтлэг характер бол бие даасан байдал, шүүмжлэлт сэтгэлгээ. Сайн тал нь ийм характер хэзээ ч дарангуйлагчыг дэмжихгүй. Сөрөг тал нь нийтлэг том “дайсангүй” нөхцөлд хоорондоо дотроо хэт өрсөлдөөнтэй байдаг.

-Тэгэхээр энэ сэтгэлгээг ашиглаж нэгдэе гэж үү

-Тийм. АН дахин хүчирхэг болох эхний гарц бол яаралтай сөрөг хүчний байр сууриндаа шилжиж, үнэт зүйл буюу ардчилалаа хамгаалах дээр нэгдэх юм. Монголын нийгмийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхнийг дампууруулахад хүргээд байгаа МАН-ын үнэмлэхүй засагтай баялаг бүтээгчидтэйгээ хамтран хатуу тулах ёстой. Ковидоор гэхээсээ хүнд суртал, чадваргүй менежмент, цэргийн хуарангийн сэтгэлгээнээсээ болж иргэдийн эрүүл мэнд, амь насыг хохироож байгаа УОК-ыг яаралтай татан буулгаж чаддаг мэргэжилтэнүүдэд ажиллах эрх чөлөөг нь олгох ёстой.

Эргэж социализм байгуулахаар хамаг уул уурхайг төрд хурааж, барилга, технологийн салбаруудад тендэр шахах замаар намын, төрийн хараат болгох гэж байгаа энэ тэнэг бодлогыг яаралтай зогсоох ёстой. Хамгийн аймшигтай нь ковидтой тэмцэх ямар ч замын зураггүй, засгийн газрын олигтой мөрийн хөтөлбөр ч байхгүй тунхагийн засгийн газрыг яаралтай зайлуулахгүй бол эдийн засгийн цар тахалд ард түмэн эргэлт буцалтгүй амьдралаа хөмрүүлэх нь. Энэ бүхний эсрэг ардчилсан намд хийх ажил маш их байна. Юун дотоодын зодоон. Юун тамганы хэрүүл.

Дэлхийн намууд дөрөвдүгээр үе уруугаа шилжиж байхад АН хоёрдугаар үе дээрээ гацсан байна.

-Гэхдээ та АН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн байсан. Намын даргад өрсөлдөхдөө ямар бодлого баримталж ажиллах уу

-Товчхондоо хоёр шийдэл хэрэгтэй байгаа юм. Нэгд, өнгөрсөн жил парламентийн сонгуулийн дараа намын даргын сунгаа зарлагдахад бүртгүүлэх хүсэлтээ өгөхдөө өөрийн мөрийн хөтөлбөрөө хамт өгсөн. Гол утга нь дахин агуу ардчилсан намыг хэрхэн сэргээх төлөвлөгөөг гаргасан. Миний давуу тал улс төрийн намын менежментээр баруунд сурсан учраас намын шинэчлэлийг цогцоор нь орчин үеийн хандлагад зохицуулсан стратеги гаргах гэж зорьсон. Өнөөдөр дэлхийн улс төрийн намууд шинэчлэлийн дөрөвдүгээр үе уруугаа орж байна. Яг л өндөр хурдны 5G технологи гэдэг шиг.

Харин манай нам 2G технологи дээрээ гацсан. Улс төрийн намын хоёрдугаар үе гэдэг нь инстүүц гэхээсээ улс төрийн клубуудын нэгдэл байсан. Нөгөө таван намын нэгдэл, олон фракц гэдэг нь тэр. 2G намын гол зовлон нь үнэт зүйл, дүрмээ тойрч, хамгаалж нэгдэхээсээ илүүтэй тухайн үед хэн хамгийн эрх мэдэлтэй улс төрч байна түүний хүсэл зоригт үйлчилдэг. Одоо ерөнхийлөгч буруу зөв бодлого ярьж байна уу хамаагүй түүний дахин нэр дэвших хүслийг хангах гэж дүрмийн хямрал үүсгэж буй тамга барьсан нэг хэсэг байгаа шиг. Би хувь хүн яриагүй шүү. Намын төлөвшил ярьж байна. Үүнийг л өөрчилж дижитал нийгэмтэй тулдаг дөрөвдүгээр үе уруу шилжих стратегийг санал болгож байгаа. Үгүй бол АН жижиг нам болж агшина.

Хоёрт, ярилцлагын эхэнд хэлсэнчлэн яаралтай хүчтэй сөрөг хүчний байр суурин дээрээ очиж ажиллах ёстой. УИХ дахь намын бүлэг, нийслэл дэх намын бүлгийн гишүүд унтаа байдлаасаа гарч манлайлах ёстой. Үүнийг нь нам нэгдсэн бодлогоор хангаж дэд бүтэц үүсгэж тэлцгээе. АН-ын гол дэмжигч нийгмийн бүлгүүд жижиг дунд үйлдвэрлэгчид, уул уурхайнхан, залуу үеийнхэн, дундаж анги, малчид юм. Эдгээр таван нийгмийн бүлэгтэй хамтран ажиллаж эрх ашгийг нь хамгаалмаар байна. Парламентэт ёс, авилгалын эсрэг, гуравдагч хөршийн бодлогыг дэмжих хүрээнд МАН-аас бусад намуудтай ойлголцож нэгдэх ёстой. Энэ бүхнийг хийх хүнд бөгөөд хариуцлагатай ажил АН-ын шинэ болох даргад оноогдож буй. Надад төлөвлөгөө бий.

-Намын даргын сунгаа ямар дүрмээр явагдах ёстой вэ. АН дүрмээ шинэчилсэн. Энэ дүрмийн өөрчлөлт хэр болсон гэж  бодож байна вэ?

АН дүрмээ шинэчлээгүй. Шинэчилсэн нэрээр хулгайн заалт оруулах гэсэн нь дээд шүүх дээр баригдсан Ц.Туваан даргатай хэсэг. Намын даргын сунгаа зарлагдсан. Цаг хугацааны хувьд би намын даргын сунгааг ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийвэл илүү эрүүл, өрсөлдөөнтэй болно гэсэн бодолтой байгаа. Одоо намын даргын сонгууль, ерөнхийлөгчийн сунгаа ойрхон байх нь ирэх сонгуульд ашигтай гэж үзэхгүй байгаа.

-Таны хувьд улс төрч судлаач хүн. У.Хүрэлсүхийн засгийн газар огцорлоо. Үүнийг хэрхэн дүгнэж, цэгнэж байна вэ?

-Эрх баригчид бүгд л зугтдаг менежменттэй боллоо. Ирэх хавар ковид дарагдаагүй, эдийн засаг улам ихээр хямарсан байх учраас засгийн рейтинг нь унахаасаа өмнө У.Хүрэлсүх зугтчихлаа. Ковидыг дарж чадахгүй гэж үзэж байгаа учраас сая МАН-аас шадар сайд хийх хүн олдохгүй бүгд зугтлаа ш дээ. Одоо шинэ ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ ковидын менежментийг ҮАБЗ уруу шидэж ерөнхийлөгч уруу заачихаад зугтах нь. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хамгийн өндөр эрх мэдэлтэй болсон ерөнхий сайд байхдаа асуудал шийдэж чадалгүй ёслож байгаад зугтчихаж байгаа У.Хүрэлсүх төдийлөн эрх мэдэлгүй ерөнхийлөгч болоод юу ч хийж чадахгүй нь тодорхой. Зуун жилийн түүхтэй МАН-д асуудал бариад ард нь зугталгүй гарчих ерөнхийлөгч, ерөнхий сайд болчих зоригтой улс төрч олон байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн  прогноз юу болох уу. Сонгуулийн уур амьсгал орж, улс төр нэлээд бужигнаад эхэлчихлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй, эрхгүй гэж яригдаж байна. Энэ бүхнийг базаад ярихад?

-Үндсэн хуулийн цэц шийдэх биз дээ. Ерөнхийлөгч Х. Баттулгыг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг. АН-аас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон хүний улс төрийн үнэт зүйл, үйлдэл нь АН-ын үнэт зүйлийн эсрэг байдагт нь шүүмжлэлтэй ханддаг. Ардчилсан намын 180.000 гаруй гишүүний нэгдсэн үнэт зүйл болох парламентэт ёс, бизнесийн эрх чөлөө, улс төрийн хоригдолгүй байх, цэргийн эдийн засгийг тас хорих, монгол хүнээ цаазалдагггүй байх гэсэн үнэт зүйлийн эсрэг ажилласан. Монголчуудын сүүлийн гурван зуун жилийн гурван хувьсгал, амь амьдралаараа олж ирсэн гуравдагч хөршийн бодлогын эсрэг ШХАБ сурталчилсан гээд монголын биш хүний улсын ерөнхийлөгч шиг л ажиллаа. Хэрвээ монголд дарангуйллын үзэл санаа тээгч төрөх бол АН-аас л биш шүү. Тэр МАН, МАХН-аас бол дүүрч.

Ямарч дарангуйлал, хувь хүний эрх чөлөөг боомилогчын эсрэг хэнээс ч юунаас ч айдаггүй тэмцдэг бүхэл бүтэн шинэ үе төрж байна ш дээ. Монголд битгий хэл Орос, Хятад, Америк гэх том гүрнүүдэд ч тийм зоригтой үе гарч ирж жагсаж байна. 1980 оны шинэ ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ч үеийнхэн нь голж, технологийн салбарынхны хурал дээр өөдөөс нь харж сууж байгаад битгий …аа гээд хэлчихэж байгааг бид харж байна.

-АН дотроосоо Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өрсөлдөхөө илэрхийлсэн. Нам дотроосоо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тухайд?

-Яагаад болохгүй гэж. Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал зөндөө нөөцтэй кандидатууд байна. Ерөнхийлөгчид нэр дэвших намын дотоод сунгаанд хэн нь ч гарч ирэх боломжтой.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

С.Баярын араас С.Баярцогт наранд гарах өдрөө тоолж сууна

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан болон Оюутолгойн гэрээг боловсруул

2021-07-28

С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн  хуралдаанаар С.Баярцог

2021-07-19

Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүх өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эр

2021-07-19