ӨНДӨР ДЭНЖЭЭ- ШҮТЭЭН ДЭНЖ БОЛГОЕ…

2021-08-25 338 0

Монголд хамгийн “ариун” байх газар бол шүтээн хүндлэлийн орчин болсон ӨНДӨР ДЭНЖ буюу ГАНДАН бөлгөө. Яагаад гэж миний өмнөөс дүрлийж байна уу…Ингээд гэж хэлмээр санагдаад байна. Юуны өмнө энд олон зууны судар ном оршвой. Монголчууд номон дээр гишгэвэл “алдас” хэмээн цээрлэдэг. Тэгээд ч үе үеийн оюунтнууд ухаанаа ботилсон тэрхүү судрууд бол ДЭЭДЭС минь билээ. Бас ШҮТЭЭН гэдэг бол сэтгэлд орших гэрэлт ирээдүйд тэмүүлэх их хүндлэл. Аливаа үндэстэн шүтэн дээдлэх эд өлөг оюун санааны бүтээлгүй бол хэн ч биш аялдан дагагч болмуй. Яагаад ээж минь тэнгэр тасхийхэд “Төрийн сүлд минь өршөө” гэж наманчилдаг юм.

Төр шашин хоёрыг ялгаа заагтай байлгах гэсэн үзэл сүртал ингэж хэлүүлсэн. Түүнээс өмнө хангай дэлхий, дараа нь бурхан багшаа дуудан залбирдаг байлаа. Энэ бол хөгжлийн дараалал буюу…Оршил үгээ “оторт” мордуулаад одоогийн байдлыг жаахан дэлгэрүүлье. Түүх сөхвөл “…Гандантэгчилэн хийд буюу Төгс Баясгалант их хүлгэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан. Дараа нь Чойр дацанг үүсгэн улмаар 1824 онд Ламрим дуган, 1838 онд Гандантэгчинлэн буюу “Их хот Мандалын сүм”, гүн ухааны Гунгаачойлин, 1844 онд Бадам-ёго, 1848 онд Жүдийн сүм, 1912-1913 онд “Мигжид Жанрайсаг” дацан байгуулагджээ. Мөн Жибзундамба хутагтын Диданлавран их ордон гэр тугдум, мөн V, VII Богдын шарилын сүмүүд бүхий томоохон цогцолборууд байсан байна. Эдгээр сүм, дацангуудад 2000 гаруй лам хуврагууд хурж байв. “ За нэг иймэрхүү.

Бид гандангийн дэнжийг ӨНДӨР ДЭНЖ хэмээн нэрлэсэн. Өндөрт нэрлээгүй хүндэтгэлд нь нэрийдсэн хэрэг байх…Тэгтэл өнөөдөр энэ дэнж нам доорын намаг балчиг болсон гэхэд хилсдэхгүй. Зүй нь энэ дэнж АРИУН ДЭНЖ байх ёстой юм л даа. Дэнж нь ч ариун дээр нь амьдрагсад ч ариун, дээдийн ном үзэгчид нь ч ариун сахилтай байх учир юун. Өндөр дэнж өнөөдөр хогийн тантан шиг болжээ. Эргэн тойрон шивээлсэн олон хашаа, дэн буудал, засвар сэлт эрхэлсэн аж ахуйнууд, зам нь төөрдөг байшин шиг, хот төлөвлөлтийн гоо зүй алдагдсан эрээвэр хураавар байшин сэлт, шоронгийн төрх санагдуулсан өндөр өндөр хашаа дааман гээд хэлэх ч юм алга даа. Саяхан “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдох: “ӨӨРЧЛӨЛТ ХҮЛЭЭСЭН ӨНДӨР ДЭНЖ” нийтлэл бичжээ. Үүнийг шашны хэлээр бол “маань хөгжөөж, даган баясмаар” санагдлаа. Олонд хүргэж ойцон цойцныг нь засмаар байна. Олны санаа олом нь үгүй ээ. Энэ нийтлэлээс жаахан ишлэе.

“…Манай сонин одоогоос таван жилийн өмнө “Өндөр дэнж”-ийг өөрчилье хэмээн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийг тойрсон дэд бүтцийн хөгжлийн асуудлыг хөндөж байв. Тухайн үед “хотын төвийн хогтой дэнж” гэх шүүмжлэл олон нийтийн дунд бас өрнөж байсан юм. Гудамж болгоны өнцөгт “Дэн буудал” үүрлэж, бараг хашаа болгонд “Нийтийн байр” баригдаж, утаа, угаадас, хогоор дүүрсэн гэр хороолол өнөөг хүртэл өөрчлөгдсөнгүй. Гандантэгчинлэн хийд орчим түүхэн дурсгалт газар учраас шашин соёлын төв болгон хөгжүүлэхээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа гэх ч дорвитой шинэчлэл хийсэнгүй.

Нийслэл хотын салхин дээрээс өмхийгөөр сан тавьж ирсэн Бурхан шашны төвийг тойрсон асуудал урьдын хэвээр. Нэмэгдсэн зүйл нь тав алхаад авто угаалгын газар, машин засварын төв бий болжээ. Авто машин засвар, угаалгын төв нэг газарт хэд байх вэ, хоорондын зайн стандарт гэж алга. Зөвхөн хүнсний дэлгүүрийн стандарт гэж байхаас бусад газрынх бүрхэг, архи зардаг дэлгүүр л гэхэд нэг гудамжинд өчнөөн байх нь хэвийн үзэгдэл болжээ…” гэсэн байна даа. Үнэн төрх нь ийм л байна. Аливаа байгууллага шинэ байшин сав сургууль цэцэрлэгээс эхлээд бүхий л бүтээн байгуулалтынхаа шавыг тавиулахдаа бурханы олон шавь нараас залж хадаг цай булуулан ном судар уншуулдаг. Тэгвэл тэр бүхний эх булаг болсон ГАНДАНГИЙН ДЭНЖ-ээ өөрчлөхөд төсөл хөтөлбар гарган аравнайлуулж ажил болгомоор санагдаад байна. Ардчиллын салхи сэвэлзэх үед алдарт Жанрайсэгээ нэг бүтээн байгуулсан.

Сүсэгтэн олон өглөгийн гараа итгэл бишрэлдээ найдан өгсөөр энэ бүтээн байгуулалт болсон. Ийм том шүтээний эргэн тойрон АРИУН байх учиртай. Түүнээс бадамлянхуа цэцэг шиг намаг балчгаас ургаж болохгүй. ГАНДАН гэж гайхамшигт АРИУН ДЭНЖ -ийг бүтээн байгуулж, гэрэлтэй гэгээтэй, замтай харгуйтай, халуун дулаантай, дөхөөд очиход аяндаа ариусмаар тийм ӨНДӨР ДЭНЖ болгох хэрэгтэй дээ. Энэ дэнж дээр гарахад сэтгэл аяндаа ариусаж муухай үйл байтугай муу үг сэтгэлээс зугтан одмоор орчинг бүтээцгээе. Үл-Олдох сэтгүүлчийн нийтлэлээс дахиад жаахан ишлэе. “…Дээрх дүр зургаас үзэхэд тус газарт ямар ч хууль үйлчилдэггүй, дүрэм журамд захирагддаггүй мэт. Тус газрын зөвшөөрлийг хэн мэдэж, ямар замаар өгөөд байдаг нь ихээхэн анхаарал татна. Хэн юу дуртайгаа барьж байгаа нь Нийслэлийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтөд хэрхэн нөлөөлж байдаг юм бол гэсэн асуулт энд зүй ёсоор тавигдах ч “Иргэд өмчилсөн газраа юу барих нь өөрсдийнх нь эрх” гэдгээс өөр хариулт үл олдоно. Уг нь Гандан орчмыг цэгцэлье, түүхийн дурсгал бүхий цогцолбор байдлаар хөгжүүлье.

Цогц байдлаар хөгжүүлэхэд анхаарч ялал жуулчлалын төв эсвэл түүхийн дурсгал-орчин үеийн барилга хосолсон байдлаар бүтээн байгуулалт хийнэ гэсэн санал, санаачилга гарч байсан. “Гудамж” төсөл хэрэгжүүлж, гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж байв. Мөн нэг загварын амины орон сууц бүхий хороолол болгоно. Ингэхдээ шашин соёлын төв гэх уламжлалыг хадгалж, гурван давхар бүхий есөн метрээс дээш барилга барихгүй гэх шийдвэрт хүрснийг иргэдэд танилцуулж байсан нь саяхан…” Ийм л байна даа. Хүрээ хотын эрхмүүд ГАНДАН-даа морилж, газар хөрстэй нь танилцаж, орчин тойронд нь хараа талбиж онцгүй зүйлүүдийг нь цэгцлэх ончтой зураг төсөл шалгаруулж, шүтээний өндөрлөг болговол гадна дотнын жуулчид сэтгэл амар очиж, гэгээн бодолдоо гэрэлт агшин бий болгоод дурсахын сайныг цуглуулж эргэн ирэхийн өгөдлийг сэтгэлдээ үлдээгээд буцах болно.

Гандангийн дэнжид аж төрж суугаа үйлчин бүсгүй А.Алтантуяа: Манай улс мөсөн гулгуурын талбай хүртэл байгуулж болоод л байна. Гэтэл олон жил ярьсан Гандангийн дэнжийг шашин, соёлын төв” гэсэн цогцолбор байдлаар хөгжүүлээсэй. “А” зэрэглэлийн бүсэд байгаа, ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байгаа түүхийн дурсгалт газраа хамгаалах талаар яагаад алхам хийхгүй байна вэ . Сүсэгтэн хүний хувьд ч, үндэсний өв соёлыг хадгалж тээж, түгээн дэлгэрүүлж яваагийн хувьд ч би ийм л бодолтой байдаг. Энэ олон авто угаалга, машин засварын төвөөс газрыг нь чөлөөлөөсэй. Машин үйлдвэрлэдэггүй орны зовлонг би ойлгож байна. Тийм газрууд байж болох ч заавал шашин соёлын төв байгаа газарт бөөгнөрүүлж эрх өгдөг байж боломгүй. Үүнийг хянадаг, шалгадаг, зохицуулдаг газар гэж алга” хэмээн халаглаж суухыг харлаа.

“ӨНДӨР ДЭНЖ”-ээ ШҮТЭЭН ДЭНЖ болгохын төлөө ухаан бодлоо уралдуулья. Өлгөн авч өөрийн бодол оюунаа илгээж төрийн сэнтийд залрагсдад хүртэл “орчин үеийн” хэлээр бол давалгаалцгаая. Бид чинь нийгмийн сүлжээгээр төр засгаа удирдаж, унагаж шүүмжилж сэхээрүүлэх их туршлагатай болоод байгаа даа…

Сэтгүүлч Л.МӨНХТӨР /2021.08.21/

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түр хашаа, явган замын саравчийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д хөдөлмөрийн

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23