Тавхан хүний захиалгаар малчдыг хавчих төрийн бодлого

2021-08-11 171 0
“ЧАНАРГҮЙ МАЛ” нэг ийм үгийг хэлдэг, бичдэг хүмүүс их болж. Чанаргүй мал гэж байхгүй. Мал бол мал. Ямар өвс ургамал, ямар ус хужир, ямар бэлчээр, ямар маллагаатай вэ гэдгээс хамаарч тарган туранхай, сайн муу гэдэг нь яригдана. Хэдэн мянган жилээр уламжлан маллаад ирсэн буянт мал сүргийг “чанаргүй” гэх нь Монголоо алдсан хүний үг. Хашаа хороонд шахаж бордоод гахай шиг болгосон малаа бэлчээрийн сорыг идэж, усны тунгалгийг уудаг эрдэнэт сүрэгтэй жиших нь зүйлэг ойлголт. Зоволгоо даахгүй болтол нь бордчихоод ашиг ярьдаг панзчин сэтгэлгээгээр асуудалд ханддаг үзэл гаарлаа. Монгол мал чинь өөр. Өөр өөртөө ихээхэн өөр шүү. Мах нь эм, арьс үс нь эд, аргал нь хүртэл гал болдог өөр.
Атрын аян нэрийн дор төрөөс олон зуун тэрбум төгрөг авч, газар тариалангийн бүс нутгийг сум сумаар нь хашиж авсан хэдхэн компанид зориулж хууль баталж, тэдний эрх ашгийн төлөө төр үйлчилж байна. Хэдхэн компани гэдэг нь одоогийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Гачууртын Чинбат, Сангажавын Баярцогт, Жадамбын Энхбаяр, алдарт Т.Бадамжунай гэсэн гарын таван хуруунд багтах хүмүүс газар тариалангийн бүс нутгийг бүхэлд нь эзэмшиж байна. Тэднүүс бас үхэр фермертэй. Уурхайтай! Тэдний санаа, алсын бодол нь бүх малчдыг хуулиар шахаж хөөгөөд, хавчсаар байж нүүлгээд бүх нутагт нь эзэн суух юм. Тэд л бэлчээр хомсдож, чанаргүй мал ихслээ гэж турхирч байна. Тэдний гар хөлүүд түүнийг нь өдөр шөнөгүй постолж байна. Товхон хэлэхэд газар нутаг, мал аж ахуй, иргэдийн амжиргааг тэд хуулиар дээрэмдэж байна.
Хаа сайгүй, дээр доргүй дуу нэгтэй яриад байгаа бэлчээрийн даац хэтэрсэн юм Монголд үнэхээр байхгүй шүү. Хур бороо орохгүй бол ямарч нутаг гандана шүү дээ. Түүнээс үүдэн бэлчээр доройтож байгаа нь үнэн. Гэвч хур бороо орвол сэргээд л ирнэ. Жижиг тугалын бэлчээр жирэмсэн эмийн шээхээс холдож үзээгүй гэдэг шиг Улаанбаатарыг тойрч харчихаад бэлчээрийн даац яриад байна. Монголд юу л байна бэлчээр байна. Даанч усгүй… Үнэхээр малчдад, малд санаа зовж байгаа бол худаг ус гаргаад өгчих хэрэгтэй. Байгаль цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ахуйд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Тэглээ гээд малаас нь салгах бодлогоо лавшруулж, малчдыг хавчиж, цөөрүүлэх, Өвөр монголд хэрэгжүүлсэн шиг санаагаа гүйцэлдүүлэх гэж байгаа бол эндүүрэл шүү!. Малчин удам бол яс цусных. Мянган сайхныг амалсан ч малаа орхиж явахгүй сэтгэл жинхэнэ малч хүнд бий.
Дундговь аймгийн зүүн болон өмнө биеийн сумууд зуншлага тааруу, нааш цааш оторт нүүсэн хэцүүхэн байна. Өмнөговь аймгийн малчид уржинан жилийн өвсөөр өвөлжинө гээд зутруу байна. Мөн Баянхонгор, Өвөрхангайн малчид ч тэвдэж байна. Халуун намраар шүү дээ! Нүүдэлчин ахуйн учир зүйг мэдэхгүй Буянгийн Жагаа мэтийн хүмүүс “малчид жаргаж байна” гэж нүд үзүүрлэдэг. Хорь гучин жил, магадгүй хоёр гурван үеэрээ зүтгэсэн хөдөлмөр нь ганцхан зуднаар дуусдаг эмзэг талбар гэдгийг мэддэггүй. Мэддэггүй хүний дураараа чалчсан үгийг мэддэггүй дураараа хүмүүс хошууран алга ташдаг. Тиймээс малын хөлийн албан татбарын хуулийг хэт яаран, тун зохимжгүй цагаар батлах гэж байгаа юм шиг санагдана. Тэд ямар хуулиар, ямар аргаар ард түмнээ дээрэмдэж байгааг доорхи хуулийн заалтаас харж болно.
Тэд Газар тарилангийн тухай хуулинд “…тариалангийн бүс нутгийг тогтоох,… тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн хууль батлуулсан.
Мөн тэр хуулинд:
19.1.Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно.
19.3.1.улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
19.3.2. тариалангийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж;
19.3.3. гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж, хөрөнгө оруулалт;
19.3.4.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр авч болох заалтуудыг хуулинд тусгасан байна. Хөрөнгө зарцуулах тухайд бол: 19.5.1. дээр “…талбайн хайгуул, судалгаа хийх” 19.5.2. дээр “…ойн зурвас байгуулах” гэсэн мөр оруулж өгсөн. За тэгээд төрөөс мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг авах тухай бүх ашигтай заалтыг багтаасан хууль батлуулсан байдаг. “…талбайн хайгуул, судалгаа хийх” гэдгээр дөрөөлөөд уурхайгаа явуулна гэсэн үг. “…ойн зурвас байгуулах” гэдгээр халхавчлаад ой мод, самар жимсийг нь цөлмөн гэсэн үг шүү дээ.
Түүгээр ч зогсохгүй өөрсдийгөө хуулиар хамгаалууулж дархан эрхтэй болсон.
24 дүгээр зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалах
24.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
24.1.1.мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх;
24.1.2.ан ав хийх;
24.1.3.дайран өнгөрөх, зам гаргах;
24.2.Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно.
24.3.Энэ хуулийн 24.2-т заасан мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааг тухайн орон нутагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нэг удаа хариуцна.
24.4.Энэ хуулийн 24.3-т заасны дагуу нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
24.5.Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
28.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Ийм хууль батлуулсан байгаа юм. Яахаараа мал тариалангийн бүсэд бэлчихэд эрүүгийн хууль болдог юм. Тэдний фермер гэдэг нь “Улаан ангус үүлдэр” гэсэн нэршилтэй, Тэдний тооцсноор хээлтүүлэгчийн тугал 37,0-39,0 кг жинтэй төрдөг. Нэг настайдаа 480-520 кг жин татдаг, бух нь 850-1100 кг мах өгнө гэж байгаа.
Тал бичээч Да.Жаргалсайхан
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЦУОШГ: Нутгийн зүүн хагаст сэрүүсэж, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуурна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүсэж, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуурга

2021-09-20

Зам тээврийн ослын улмаас нийслэлд есөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээвр

2021-09-20

Намрын ногоон өдрүүд ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021 болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Намрын ногоо

2021-09-13