
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар намынхаа дотоод асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “АН-ын дотоод хагарал угтаа тулж, сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авлаа. 1990 оноос хойш хэзээ ч ийм санал авч байгаагүй. АН-ын Онц их хурлыг зарлаж нэг удирдлагатай болгох санал намын жирийн гишүүдээс их ирж байна. Энэ санаачилгыг дэмжүүлэх зорилгоор өнөөдрөөс эхэлж 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлж байна. Гарын үсгээ зурахыг хүссэн АН-ын гишүүд намынхаа үүрүүдэд очиж гарын үсгээ зураарай” гэв.
ХЗДХ сайд асан Х.Тэмүүжин “Тамганы булан бариад хэрэлдэж байгаа хүмүүс намынхаа гишүүдийг хонь шиг хашаанд хашчихаад “Манай хашаанд тэд нь байна” гэж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тиймээс хашаа хороогоо нурааж, гишүүдээ хонь гэж харахаа болимоор байна. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Үнэхээр харамсалтай байна. АН эв нэгдлээ алдсаны улмаас шат шатны сонгуулиудад амжилт үзүүлсэнгүй. АН бол үнэхээр нийгмээс дэмжлэг авахаа больчихсон нам биш. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авсан ч цаана нь саналаа өгөөгүй сонгогчид 42 хувийг эзэлж байна. Үнэхээр сонголтгүй байсан учраас энэ хүмүүс сонгуульдаа оролцоогүй гэж бодож байна. Монгол Улсад аль ч улс төрийн хүчинд орж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах итгэлийг залуучуудад үлдээх ёстой. Хаалттай, хариуцлагагүй улс төрөөс татгалзах цаг болсон. МАН ардчиллын хагаралтай байдал дээр битгий тоглооч. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах чөлөөт сонголтыг өгөөч гэж уриалмаар байна” гэсэн юм.
3 cэтгэгдэлтэй
Хагарсны хохь,
Цар тахалтай үед юун гарын үсэг цуглуулах вэ? АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ гэж солиоруулсаар байгаад улс нийгэмд ажилладаг үүргээ биелүүлдэг хүнгүй боллоо шд АН нар аа??
АН дахин сэхэхэд тун бэрх дээ.Ядаж байхад нь Батүүл гэж тэнэг хэрэгтэй хэрэггүй цуглаан зохион байгуулж намынхаа нэр хүндийг шавартай хутгаж хаяа биз дээ.