Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна

2021-04-26 84 0

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.04.26/ бүлгийн ээлжит хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд,

• Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ;

• Шилэн дансны цахим сайт болох www.shilendans.gov.mn-д хийсэн дүн шинжилгээ;

• Эрх баригчдын үйл ажиллагаа, хил гаалийн худалдаа тээврийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсээд байгаа асуудлууд;

• Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх нийгэмд үүсээд байгаа асуудал;

• Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцохоор Бүлгээс хүргүүлэх шаардлагын төсөл;

• Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-ийн зарцуулсан төсөвд хяналт тавих, холбогдох мэдээлэл, тодруулга авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрийн төсөл зэргийг хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу удахгүй УИХ-ын Төсвийн байнгын хороогоор тус байгууллагын үйл ажиллагааны 2020 оны тайланг хэлэлцэнэ. Төрийн аудит гэдэг улсын төсвийн хөрөнгө, түүний зарцуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс өөрөө үлгэр жишээ, хөрөнгө мөнгөний ямар ч зөрчилгүй байх ёстой. Гэтэл тус байгууллагын төлөвлөсөн ажлын тоо хэмжээ тогтмол хэрнээ, санхүү нь 2017 оны төсвөөс гурав дахин өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн төсвөө 2017 онд 9.6 тэрбум төгрөг байсныг 2020 онд 21.7 тэрбум, 2021 онд 27.2 тэрбум төгрөг болгон огцом нэмэгдүүлж батлуулжээ. Энэ нь Засгийн газар, Үндэсний аудитын газар хоёр “найрсаг” харилцаатайн илэрхийлэл гэж үзэхээр байна. Төсөвт хяналт тавих байгууллага нь өөрөө төсвөө олон дахин нугалж, төсөвлүүлж байгаа нь эрх баригчдын нөлөөнд автаад эхэлснийг илтгэж байна. Төсвийн захирагч бүр, ялангуяа Сангийн сайд аудиттай “найрсаг” харилцаатай байхыг эрмэлздэг ч угтаа олон улсын төвшинд аудитын хараат бус байдалд харшилдаг нийтлэг үзэгдэл юм.
Мөн түүнчлэн зөвхөн 2021 онд ажилтны тоог 100 гаруй хүнээр нэмэгдүүлж, тэр хэмжээгээр цалингийн зардлыг нэмэгдүүлж, түүгээр ч зогсохгүй нэмэгдэл цалин, урамшууллын зардлыг ч давхар тусгасан байна. Шилэн дансанд хяналт тавьдаг Аудитын байгууллага өөрөө шилэн дансаа хуулийн дагуу бүрэн хөтөлдөггүй, зөрчилтэй байна гэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.
Мөн, Ардчилсан намын бүлэг УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ийн дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, коронавируст халдварын энэ хүнд цаг үед манлайлах ёстой УОК болон нийслэлийн Онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, УОК-ын дарга нь өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгож, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу зэрэг олон асуудал дурдагдсан. Түүнчлэн эрх мэдэлтнүүд асуудал үүсмэгц цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах, гүтгэх байдлаар өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг эрс буруушаав.
Бүлгийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх гүтгэлэг нийгэмд үүсгээд байгаа асуудлаар гишүүдэд тайлбар өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын болоод гишүүдийн нэр барьсан, нэр гарын үсэг зөрүүлсэн, гарын үсэг ашигласан мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “Тэр сошиалд яригдаад байгаа зүйлс дээр гэрээ байгуулагч дээр миний овог буруу, гарын үсэг нь О.Цогтгэрэлийн хуурамч гарын үсэг байгаа нь харагдсан. Ерөнхийлөгч, МАН-ыг тараах захирамж гаргасантай холбоотойгоор, эсрэгээр нь буруутай харагдуулах гэсэн оролдлого гэж ойлгож байгаа. Ямар ч ийм гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв. Бүлгийн зүгээс энэхүү асуудлаар олон нийтэд бодит мэдээлэл хийх, асуудлыг нарийвчилж шалгуулах асуудлаар байр сууриа илэрхийлэх, мэдээлэл хийхийг холбогдох гишүүдэд зөвлөв.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн болзол, шаардлагыг хангаж

нэр дэвшвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнээс гадна, Засгийн газраас цар тахалтай тэмцэх хүрээнд УИХ-ын онцгой бүрэн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний төсөв мөнгийг хяналтгүй зарцуулж буй асуудал болон Уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдол мэдээлэл, тодруулга авч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд мэдээлэл, дүгнэлт танилцуулах ажлын хэсгүүдийг байгуулахаар болов.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн  хуралдаанаар С.Баярцог

2021-07-19

Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүх өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эр

2021-07-19

Х.Нямбаатар хурдан удмын 36 адуутай

Өнөөгийн Засгийн газрын сайд нараас хамгийн олон хурдан удмын адуутай сайдаар Хууль зүй, дотоод хэрг

2021-07-19